Categories
гадаад мэдээ

Европын холбооны ээлжит хориг арга хэмжээ DNN.mn

Европын холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн Урсула фон дер Ляйен эзлэн түрэмгийлэх дайн өдөөсөн ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх зургаа дахь ээлжийн багц хориг арга хэмжээг Евро парламентад танилцуулав. Үүнд газрын тосны импортын бүрэн хориг багтсан байна. Мөн Украины Буча тосгон, Мариуполь хотод дайны гэмт хэрэг үйлдсэн Оросын армийн өндөр албан тушаалтнуудыг хоригт нэмж оруулахаар болжээ. Бас Оросын хамгийн том банк Сбербанкийг олон улсын гүйлгээний SWIFT системээс гаргах, Оросын төрийн өмчит гурван том телевизийн сувгийг Европын холбооны орнуудад кабель, хиймэл дагуул, интернэтээр дамжуулахыг хориглох шийдвэр гаргасан байна.

Оросын газрын тосны хоригийг хэрэгжүүлэхдээ эхлээд зургаан сарын дотор өөрсдөө импортлохыг хориглож, 2022 ондоо багтаан газрын тосны бусад бүтээгдэхүүний импортыг бүрэн хориглохоор болжээ. Европын холбооны гишүүн 27 улсаас Унгар, Словак улсууд газрын тосны хоригийг эсэргүүцсэн юм. Эдгээр улсуудын онцгой нөхцөл байдлыг харгалзан үзээд энэ удаа хоригийн гадна үлдээж магадгүй байна. Харин бусад гишүүн улсууд зургаан сарын дотор өөр эх үүсвэрээс газрын тос авахаар зохицуулалт хийх ёстой болжээ.

“Орост үзүүлэх дарамт шахалтаа дээд хэмжээнд нь хүргэхийн хажуугаар бид өөртөө болон холбоотнууддаа ирэх хохирлыг хамгийн бага байлгахад анхаарах ёстой. Бид энэ дайнд Украиныг ялуулахыг хүсч байна” гэж Ляйен мэдэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *