Хүүхэд үрчилсний бүртгэлд шаардагдах материал, холбогдох мэдээллийг хүргэж байна.
Үрчлэгч нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой хүн байна.
Ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно.
Хүүхэд үрчлэн авахыг хүсэгч Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дугаар зүйл, Гэр бүлийн тухай хуулийн 55.2,55.3,55.4-т заасны дагуу доорх баримт бичгийг бүрдүүлж, хүүхдийн оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг даргад өөрийн биеэр хандана. Үүнд:
1. Өргөдөл /нотариатаар гэрчлүүлсэн байх/;
2. Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл /нотариатаар гэрчлүүлсэн байх/;
3. Үрчлэн авагч болон үрчлүүлж байгаа эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, эсхүл харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх;
4. Гэрлэсэн бол гэрлэлтийн гэрчилгээ;
5. Хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад байгаа хүүхэд бол тухайн байгууллагын зөвшөөрөл.
Сум, дүүргийн Засаг дарга баримт бичгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл хүүхэд, гэр бүл, нийгмийн асуудал хариуцсан ажилтнаар дүгнэлт гаргуулна. Ийнхүү хүүхэд үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг сум, дүүргийн Засаг дарга 20 хоногийн дотор гаргана. Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэлийг хөтөлнө.
Хүүхэд үрчлэн авахад дараах зөвшөөрлийг авсан байх шаардлагатай. Үүнд:
1. Бүтэн өнчин хүүхэд, түүнчлэн эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй бол хүүхдийг нь үрчлүүлэх тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол тухайн хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын зөвшөөрлийг;
2. Гэрлэгчдийн хэн нэг нь хүүхэд үрчлэн авч байгаа бол энэ тухай зөвшөөрлийг эхнэр буюу нөхрөөс;
3. Долоон нас хүрсэн хүүхдээс өөрийх нь зөвшөөрлийг авна.