БНХАУ-ын Шанхай хотод өдөрт илрэх “Ковид-19” халдварын шинэ тохиолдлын тоо үргэлжлэн буурч, өнгөрсөн хоногт халдварын 274 шинэ тохиолдол батлагдаж, шинж тэмдэггүй 5395 тохиолдол илэрсэн нь өнгөрсөн сарын хугацаанд бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт болжээ.
Шанхайн Эрүүл мэндийн хорооны орлогч дарга Жао Даньданы мэдээлснээр, нэг хоногт “Ковид-19”-өөр халдварласан 3981 өвчтөн, шинж тэмдэггүй өвчилсөн 27124 өвчтөн эдгэрч, түр эмнэлгээс гарсан байна. Тус хотын оршин суугчдад энэ сарын амралтын өдрүүдээр /May Day holiday/ нуклейн хүчлийн, антигений шинжилгээ хийж, гарсан хариуг үндэслэн амьдарч буй газрынх нь эрсдэлийн түвшинг тодорхойлжээ. Тодруулбал, мягмар гаригийн байдлаар урьдчилан сэргийлэх бүсэд 15.5 сая хүн, хязгаарлалт бүхий бүсэд 5.3 сая хүн, хаалттай менежмэнтийн бүсэд 2.3 сая хүн оршин сууж байна.
Ж.Даньдан мөн “Шанхай хотын эмнэлгүүдэд ирэх дуудлагын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс ойролцоогоор 12 дахин нэмэгдсэн тул Тяньжин хот, Хэнань мужийн түргэн тусламжийн 100 машин, яаралтай тусламжийн тасгийн 298 ажилтан тусламж үзүүлэхээр нэмэгдэн ирж ажилласан” гэж мэдэгдсэн байна.
BBC. CNN. REUTERS. DW. NHK. TASS. Global Times-аас бэлтгэсэн Г.АМАРСАНАА