Categories
гадаад мэдээ

Франц, ОХУ-ын удирдагчид утсаар ярив DNN.mn

Франц, ОХУ-ын удирдагчид өнгөрсөн мягмар гаригт утсаар хоёр цаг гаруй ярилцсан бөгөөд Э.Макроныг дөрөвдүгээр сарын 24-нд Францын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсоноос хойш талууд анх удаа утсаар ярьж буй нь энэ юм. Үүнээс өмнө хоёр улсын ерөнхийлөгч гуравдугаар сарын 29-нд утсаар ярьсан билээ.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын удирдагч Владимир Путинтэй ярилцахдаа Мариуполь, Донбассын байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлээд, “Азовсталь” үйлдвэрийн нутаг дэвсгэрээс нүүлгэн шилжүүлэх ажилд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхийг ОХУ-д уриалсан гэж хоёр ерөнхийлөгчийг утсаар ярьсны дараа Елисейн ордон мэдээлжээ. “Хүмүүнлэгийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж, олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу нүүлгэн шилжүүлсэн хүмүүст оршин суух газраа сонгох эрхийг олгох нь чухал” гэдгийг Францын ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна.

Елисейн ордны мэдэгдэлд дурдсанаар, тэрбээр Украины мөргөлдөөний “үр дагаврын ноцтой байдлыг дахин онцлон тэмдэглэв”. Ерөнхийлөгч “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний үүрэг хариуцлагынхаа дагуу ажиллахыг ОХУ-д уриаллаа” гэж уг мэдэгдэлд онцолжээ.

Э.Макрон энх тайвныг дахин сэргээх сонирхлын үүднээс тохиролцоонд хүрэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа В.Путинд мөн хэлсэн байна. “Францын удирдагч энх тайвныг баттай болгох, түүнчлэн Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хүндэтгэх талаар зөвшилцөлд хүрсэн шийдэл гаргах нөхцөлийг бүрдүүлэхэд өөрийн зүгээс дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Ерөнхийлөгч Украины мөргөлдөөнийг дуусгаж гал зогсоох шаардлагатай байгааг дахин мэдэгдсэн” гэж Елисейн ордны мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна. Э.Макрон мөн “Хар тэнгисээр дамжуулан Украины хүнсний экспортыг сэргээх зорилгоор олон улсын эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийлж, энэ нь дэлхийн хүнсний аюулгүй байдлын үр дагаварт эерэг нөлөө үзүүлнэ” гэж тэрбээр үзсэн байна.

Өнгөрсөн бямба гаригт Э.Макрон мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьжээ. Э.Макрон хоёрдугаар сарын эхээр Москвад айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийж маргааш нь Киевт айлчилсан билээ. Москвад болсон энэхүү яриа хэлэлцээнээс хойш Э.Макрон, В.Путин нар тогтмол утсаар ярьж байгаа юм. “Le Parisien” сонинд мэдээлснээр, 2021 оны 12 дугаар сараас хойш ерөнхийлөгч нар нийт 20 орчим удаа утсаар ярьсан гэнэ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *