Categories
мэдээ эдийн-засаг

Евро бүсийн инфляци DNN.mn

Өнгөрсөн сард Евро бүсийн инфляци 7.5 хувь буюу түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Инфляци ийнхүү эрчимжихэд түлш, шатахууны үнэ өмнөх оны мөн үеэс 38 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэнэ. ОХУ, Украины хооронд үүссэн нөхцөл байдал үнийн өсөлтийг улам эрчимжүүлж байгаа аж. Ялангуяа газрын тос, байгалийн хий, хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад огцом өссөнөөр инфляци Евро бүсийн тулгамдсан асуудал болсон байна. Европт Балтын тэнгисийн улсуудад үнийн түвшний өсөлт 2 оронтой тоог хэдийнэ даваад байна. Тухайлбал, Эстонид инфляц 19 хувь, Литвад 16.6 хувь, Латвид 13.3 хувь хүрчээ. Гол эдийн засгуудаас Италийн инфляци 6.6 хувь, Германд 7.8 хувьтай гарчээ. Инфляци ийнхүү эрчимжээд буй нь Европын төв банкинд мөнгөний бодлогоо чангатгах шахалт болж байна. Зарим шинжээчид төв банк энэ зунаас хүүгээ өсгөж магадгүй гэх хүлээлттэй байгаа юм. Тухайлбал, “Bank of Amer­ica” “Европын төв банк энэ онд дөрвөн удаа, ирэх онд хоёр удаа хүүгээ өсгөнө” гэх таамаглал дэвшүүлснээ мэдэгджээ.

Украин дахь дайн ОУВС-гийн инфляцийн төсөөллийг нэмэгдүүлсэн гол хүчин зүйл болжээ. Учир нь сүүлийн жилд хурдтай өсч байсан түүхий эдийн үнэ дайны нөлөөгөөр улам өсжээ. Өнгөрсөн оны хувьд түлш шатахуун болон хүнсний үнэ инфляцыг хөөрөгдөхөд нөлөөлж байв. Энэ нь Европ, АНУ-д инфляцийн гол шалтгаан болж байсан. Мөн цаг уурын таагүй байдлаас үүдэж ургац хураалт муудсан, бордооны үнэ өссөн зэргээс шалтгаалан хөгжиж буй улсуудад хүнсний үнийн өсөлт инфляцийн гол шалтгаан болоод байгаа билээ. Түүнчлэн өнгөрсөн онд эрэлт нэмэгдэж харин үйлдвэрүүд хаалгаа барьж, боомтууд хязгаарлагдаж, тээврийн гацаа, чингэлгийн хомсдол, ажиллах хүчний дутагдлаас үүдэж нийлүүлэлтийн саатал нэмэгдсэн. Эрэлт огцом сэргэж харин, нийлүүлэлт тасалдсанаар зөрүү үүсч улс орнуудад инфляцийн өндөр дарамт бий болгоод байсан. Уул нь бодлогын дэмжлэгүүд хумигдсанаар эрэлт тогтворжиж, нийлүүлэлтийн гацаа багасах хүлээлттэй байлаа. Харин одоо БНХАУ дахин хөл хорио тогтоож, Украинд дайн болж, ОХУ-д хориг тавигдсанаар зарим салбарт үүссэн тасалдал дараа жил хүртэл сунжрахаар байгаа аж. Мөн АНУ, Их Британи дахь хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчний хомсдол цалинг өсгөж, инфляцийг нэмэгдүүлэх дарамтыг бий болгосоор байх төлөвтэй байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр ОУВС-ийн шинжээчдийн төсөөллөөр хөгжсөн улсуудад инфляци 38 жилийн дээд түвшин буюу 5.7 хувь, хөгжиж буй улсуудад 8.7 хувь буюу 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн өндөр хурдаар өсөх төлөвтэй байгааг тооцоолон гаргажээ. Харин ирэх оноос инфляц саарч хөгжингүй улсуудад 2.5 хувь, хөгжиж буй улсуудад 6.5 хувь болж буурна гэж үзжээ. Үнийн өсөлт нь бага орлоготой орнуудын хүн амын эмзэг хэсэгт маш хүчтэй нөлөөлнө гэдгийг онцолсон байна.

Европын холбооны Статистикийн газрын мэдээлснээр, цар тахлын нөлөөгөөр 2020 онд Европын холбооны ард иргэдийн дундаж наслалт 80.4 нас буюу өмнөх оноос 0.9 насаар буурсан үзүүлэлт гарсан байна. Тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд, 2020 онд ЕХ-ны орнуудын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 77.5, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 83.2 байсан ба өмнөх жилтэй харьцуулахад эрэгтэйчүүдийн наслалт нэг жилээр, эмэгтэйчүүдийн наслалт 0.8 жилээр буурчээ. Тус холбооны 27 гишүүн улсын тухайд Францын Корсика арлын иргэд 2020 онд дундаж наслалт хамгийн өндөр буюу 84 байсан бол Болгарын иргэдийн дундаж наслалт хамгийн бага байжээ. Мэдэгдэлд ЕХ-ны дундаж наслалт буурч байгаа нь цар тахалтай шууд холбоотой болохыг онцолсон байна. Eвропын холбооны Статистикийн газрын өмнө нь гаргаж байсан мэдээллээр, 2020 оны 3 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд нас барсан хүний тоо 2016-2019 оны мөн үетэй харьцуулахад 580 мянгаар нэмэгджээ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *