Бие даасан эрдэм шинжилгээний ажилтан, Филисофийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дашпүрэвтэй ярилцлаа.
-Төрийн албаныхны боловсрол, мэдлэг, ур чадвар хэр байна вэ. Төрийн албаны хүнд суртал юунаас болж үүсээд байгаа вэ?
-Манайд төрийн удирдах албан тушаал хаших, дээд албан тушаалд ажиллах, гүйцэтгэх алба хааж буй бүх хүмүүст нэг дутагдал сүүлийн үед бий болжээ. Тэр нь юу гэхээр хуулиа барихгүй байна. Бид дагаж мөрдөж ажиллах хуультай. Хууль бурханы зарлиг биш учраас боловсронгуй биш зүйл байж л таарна. Тэгэхээр түүнийг байнга сайжруулж, шинэчилж явах ёстой.
Төрийн албаны тухай ярихад Төрийн албаны хууль гэж бий. Тэрхүү хуулиа хэрэгжүүлэхгүй байна. Төрийн албаны зөвлөл гэж байгаа. Тэд хуулийнхаа дагуу ажиллахгүй байна гэж би иргэн хүнийхээ хувьд бодож явдаг. Яагаад гэвэл хүмүүс их гомдол ярих болсон. Төрийн алба төрлийн алба болсон. Нийгмийн психологийн түвшинд төрийн алба улстөржсөн гэж ярьдаг. Энэ хоёр хоёулаа үнэн.
Яагаад үнэн бэ. Төрийн албаны батлагдсан, мөрдөгдөж байгаа хуулиа баримтлах хэрэгтэй. Төрийн алба улс төрийн алба биш. Улс төрийн алба биш учраас төрийн алба өөрөө энгийн үгээр хэлэхэд нэг иргэн насан туршдаа төрийн алба хаах явцад “Тэдэн жилийн дараа би тийм зэрэг дэвтэй болно, тэдэн жилийн дараа би тийм алба хаадаг болно” гээд хуулиа хараад ажлаа сайн хийдэг. Үүнийгээ иргэн өөрөө мэдэж байх ёстой. Тийм хууль нь байгаа.
-Тэр хуулиа одоо мөрдөж ажиллаагүйн гор гарч байна уу?
-Тэр хуулиа мөрдөж ажиллаагүй учраас хэдэн жил энэ албыг хашсан хүн хэлтэс, тасгийн дарга болдог юм. Хэдэн жил энэ албыг сайн хашсан хүн тухайлсан үнэлэмж авч байгаа шүү дээ. Тэрхүү үнэлэмжээ яаж авсан хүн тасаг, хэлтэс, салбарын дарга болдог юм. Хэдэн жил энэ албыг хашсан хүн яамны Төрийн нарийн бичгийн дарга болдог юм гэдгээ хуулиараа мэддэг байх ёстой. Гэтэл ;эд сайд гэж албан тушаал гаргаад ирсэн. Улс төрийн албан тушаал болгочихсон. Дэд сайдын зиндааны төрийн алба хаагч нь одоогийн хуулиараа Төрийн нарийн бичгийн дарга л байгаа шүү дээ. Ийм албан тушаалд тэдэн жилийн дараа очно гэдгээ төрийн албан хаагч өөрөө мэдэж ажилладаг. Төрийн албаны хүмүүс намын гишүүд биш шүү дээ. Намын гишүүн ч байх ёсгүй. Тийм учраас “Энэ зургаан сард би дахин шалгаруулалтаар ороод хэлтсийн дарга болно” гэж ярьж байтал нэг сайд нь хүрч ирээд нэг хүнийг миний оронд хэлтсийн даргаар тавьчихдаг. Сайд бол улс төрийн хүн. Намын хүн. Одоо их зальтай болсон. Үүрэг гүйцэтгэгч гээд тавьчихдаг. Энэ чинь хуулийг гууль болгож байгаа байхгүй юу. Хуулиараа байх ёстой юмыг үүрэг гүйцэтгэгч гээд шууд тавьчихдаг. Хуулиараа үүрэг гүйцэтгэгч тавина гэсэн заалт байхгүй шүү дээ. Тэгэхээр үүрэг гүйцэтгэгч гэж зүтгүүлж байгаад хэдэн сар болгож мартагнуулаад л хэлтсийн дарга болгодог. Ийм заль мэхээр төрийн албыг завшигчид бий болсон байна. Үүнтэй улс төрийн томоохон намууд тэмцэх ёстой. Жишээ нь, МАН бүх эрх мэдлийг барьж байна. Үүнтэй хэн ч тэмцэхгүй байна.
-Үүний эсрэг хэн тэмцэх ёстой юм бэ?
-Үүний эсрэг сөрөг хүчин тэмцэж байх ёстой. Энэ хуулийг мөрдүүлэх үүрэгтэй. Хууль мөрдөхийг шахдаг хүн нь гудамжинд явж байгаа бид биш шүү дээ. Жирийн ард иргэд биш. Өдөр тутам шахалт үзүүлэх гэж энэ тогтолцоонд улс төрийн нам, сөрөг хүчин гэж байгаа юм.
-Одоо тэр сөрөг хүчин байгаа юу?
-Тэр сөрөг хүчнийг аль аль талаасаа устгасан. Яривал их нарийн юм байгаа. Сөрөг хүчин дорой байна. Манайд зөндөө олон нам байгаа шүү дээ. Гучин хэдэн нам байна уу. Тэдний нэг нь сөрөг хүчний үүрэг гүйцэтгээд гараад ирэхэд хуулиар хорьсон зүйл ерөөсөө байхгүй.
-Яг өнөөдрийн байдлаар дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байдаг юм байна лээ.
-35 юм уу. Ээ хайрхан минь. Зуун ямаанд жаран ухна болчихсон юм байна л даа. Тэгээд энэ олон ухнууд чинь ажлаа хийх хэрэгтэй шүү дээ. Энэ олон ухнууд нь ажлаа хийхгүй бол хөгшин ухна хашаан дотор ноёрхоод байж болохгүй биз дээ. Мал бол хөгширсөн ухныг хашааны зах руу шахчихдаг.
-Тэгэхээр тогтолцоо нь буруу байна уу?
-Үгүй. Тогтолцоо буруу биш. Тогтолцооны алдааг ашиглаж, амар хялбараар ашиг хонжоо хайгчид л байгаа. Тогтолцоо бол өөрөө бий болчихсон шүү дээ. Одоо энэ тогтолцоог өөрчилбөл маш их ажил болно. Энэ тогтолцоогоо боловсронгуй болго л доо. Тэр 35 нам эрх барьж байгаа намыг тал талаас нь шүүмжлэх хэрэгтэй шүү дээ. Боомилох хэрэгтэй. Тэгж байж зөв ажиллуулна. Тэгэхгүй бол яах гэж нам байгуулдаг юм. Тэд 35-уулаа улс төрийн нам биш байх л даа. Бизнес, зах зээл дээр арчаагүй аргаар мөнгө олох гээд нам байгуулаад түүнийгээ худалддаг. Сонгуулийн үед түүнийгээ зарж таван цаас олдог. Тийм юмыг нь байхгүй болгохын төлөө намууд нь олигтойхон тэмцэх ёстой байхгүй юу.
-Одоо тэгэхээр төрийн өндөр албыг хашиж байгаа хүмүүсийн боловсрол мэдлэгийг яаж дээшлүүлэх вэ?
-Төрийн албаны хуулиар төрийн албан хаагчдын боловсрол мэдлэгийг дээшлүүлэх тогтолцоо бий шүү дээ. Угаасаа байж байгаа. Хэдэн жил ажиллаад мэргэжлээ дээшлүүлэх юм. Төрийн албаныхны мэргэжил дээшлүүлдэг сургууль нь ч бий. Удирдлагын академи гээд. Хуучин МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургууль. Тэр үед тогтолцоондоо тийм л үүрэгтэй байсан юм. Одоо энэ тогтолцоонд тэр сургууль үүргээ биелүүлж байгаа байх л даа.
Тэнд маш олон хүн суралцдаг. Урьд нь түүнд суралцаад болзлоо хангасан хүмүүс төрийн албанд очих ёстой байдаг байлаа. Намаар дамждаггүй. Нам бол улс төрийн байгууллага. Тэд сонгуулиар сонгогдож, ард түмний толгой тархийг эргүүлж байгаад улс төрийн эрх мэдэлд хүрдэг байхгүй юу. Түүнээс гүйцэтгэх засаглалын эрх мэдэлд хүрэх ёсгүй. Энэ хоёрыг салгах ёстой. Түүнийгээ салгахгүй бантан хийчихсэн.
Энэ нь эрх баригч намд ашигтай байна л даа. Түүнийг нь хэн ч шүүмжлэхгүй байна шүү дээ. Үүнийг чинь улс төрийн нам шүүмжлэх ёстой. Улс төрийн нам нь дотроо хуваагддаг. Жишээ нь, Ардчилсан нам гэж байна. Сайн нам байсан. Сайн ч сөрөг хүчин болдог байлаа. Гэтэл түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга тараасан. Тэр хүн бол улстөрч гэхээс илүү ганзагачин хүн. Тэр зүгээр л улс төрийн наймаачин хүн байхгүй юу. Ерөнхийлөгч байхдаа буухынхаа өмнө маш олон одон Монголоор нэг тараасан. Төрийн нэр хүндээр тэр хүн ганзага хийсэн. Тэр ганзаганыхаа үр дүнд баахан одон медаль авсан хүмүүсээ цуглуулаад “АН-аас би сонгогдсон. 330 сумын намын дарга нар надад гарынхаа үсгийг зурсан” гэж улс төрийн “унгас” алдаж байгаа байхгүй юу. Тийм юм байдаггүй юм. Тийм учраас урьдны, хуучны АН дампуурлаа л даа. Одоо түүнийгээ засах хэрэгтэй. С.Эрдэнэ ч хэрэггүй. Э.Бат-Үүл ч больчихсон. Ц.Элбэгдорж ч больчихлоо. Р.Гончигдорж ч одоо гарч ирэхгүй. Одоо улс төрийн карьер хөөж байгаа шинэ залуу хүн тэр намыг аваад явна биз.
-Одоо АН-д шинэ залуу лидер болсон манлайлагч байна уу?
-Өөрсдөө л гарч ирэх ёстой шүү дээ. Тэмцэж гарч ирэх ёстой болохоос хэзээ хүн дагаж, хүний пальто өмсгөж, хүний цүнх барьж явж байгаад улс төрийн манлайлагч болж байсан юм бэ. Тийм жишээ ерөөсөө байхгүй. Монгол хуучин уламжлалт нийгмийнхээ сэтгэл зүйгээс салаагүй учраас хошууны ноёныг дагаж явж байгаад хошууны тамгын түшмэл болдог. Хошууны ноёноо дагаж Манжийн хаанд бараалхаж байж эрх мэдэл, дэг зэрэгтэй болдог тэр психологи л яваад байна. Одоо түүнийг зүгээр тээрэмдээд хаях хэрэгтэй шүү дээ. Маш олон хүн АНУ, Англид сурсан. Тэд хаана юу хийгээд яваа юм. Тэд хэрвээ ирсэн бол одоо барууны улс төрийг Монголд дэлгэрүүлэх хэрэгтэй.
-Нэгэнт намын шахаагаар ороод ирсэн нөхдүүдийг яах вэ?
-Төрийн албаныхан өөрсдөө хаяад сэгсэрчих ёстой шүү дээ. Бөөс хуурс, хачиг хувалзаа мал өөрөө сэгсэрдэг. Унгас ноосоо мал өөрөө гуужуулаад дуусгадаг биз дээ. Төрийн алба өөрөө ингэж дуусгах ёстой. Төрийн албанд зүгээр ажлаа хийж байгаа олон хүн байгаа шүү дээ. Тэд түр ирсэн хүнийг шүүмжилж чадахгүй байна л даа. Гадна талаас нь улс төрийн хүчинд шахалт үзүүлэх ёстой.
Төрийн албанд зүтгэж байгаа хүн улс төрийн жагсаал хийгээд явж чадахгүй шүү дээ. Тэд тэр албаа л сонгосон. Тэр албыг бөөстүүлж хуурстуулсан юм шиг, хачиг хувалз шиг улс төрийн панзчингууд ороод ирлээ. Янз бүрийн салбараас орж ирсэн панзчингууд судас шөрмөс дээр нь суучихаад цусыг нь сороод байна шүү дээ. Үүнээс салах хэрэгтэй. Үүнээс энгийн төрийн алба хаагчид өөрсдөө салах ёстой. Энгийн иргэд үүнийг нь ойлгож дэмждэг байх нь зүйтэй.