Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн Банкны өр барагдуулах явц, үүнийг эрчимжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Хөгжлийн Банкны чанаргүй зээлээс өчигдрийн байдлаар 165 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. 2023 онд төлөгдөх ёстой хоёр том бонд бий. Эхнийх нь Евро бонд буюу Сэргэн мандалт нэртэй бонд. Энэ нь 2023 оны аравдугаар сарын 23-нд төлөгдөх ёстой 500 сая ам.долларын нээлттэй бонд. Одоогийн ханшаар 1.5 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Удаах нь 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх Самурай бондын 725 тэрбум төгрөг.
Онцгой анхаарах ёстой өр нь Самурай бонд. Энэ нь Засгийн газрын баталгаатай. Хэрэв Хөгжлийн Банкийг дампуурлын эрмэгт авчраад буй чанаргүй зээлүүдийг төлүүлж чадахгүй бол энэ өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэлтэй. Тиймээс Засгийн газрын хувьд чанаргүй зээлийг төлүүлэхээр ажиллаж байна.
2022 онд хамгийн багадаа чанаргүй зээлийн 1/3-г төлүүлэх, ирэх онд Хөгжлийн Банкны бүх чанаргүй зээлийг барагдуулж, Самурай бондыг бүрэн төлснөөр татвар төлөгчдийн мөнгөн дээр ирэх эрсдэлийг холдуулах зорилго тавин ажиллаж байна.
Хөгжлийн Банкны өр төлүүлэхэд хуулийн байгууллагуудын оролцоог чухалчилж байгаа. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулан Засгийн газрын харьяа хүчний байгууллагуудын төлөөллийг оролцуулан ажлын хэсэг байгуулах шийдвэр гарлаа” гэсэн юм.