Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” төслийн хүрээнд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг улсын төв цэг Сүхбаатарын талбайд анх удаагаа 90х45 харьцаатай хөлбөмбөгийн талбай байгуулж зохион байгуулах гэж байна. “UB CUP 2022” тэмцээн тавдугаар сарын 8-ны өдөр эхлэх бөгөөд Улаанбаатар хотын аварга шалгаруулах цомын тэмцээнд нийслэл хотын 9 дүүргийн шигшээ багууд оролцох юм. Аваргын цомыг хүртсэн дүүргийн шигшээ баг Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулагдах 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний дээд шатанд түрүүлсэн аймгийн шигшээ багтай үндэсний цомын төлөөх финалын нэг тоглолт хийнэ. Одоогоор Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн шигшээ багууд бүртгүүлээд байна. Тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 5-нд МХБХ-ны байранд болж, оролцох багууд тодорхой болох юм.