Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Мишигдорж: Татварын ээлтэй бодлогыг хэрэгжүүлэхэд хамгийн гол нь татвар төлөгчдөд очиж буй ачааллыг харгалзаж үзэх шаардлагатай DNN.mn

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш, доктор М.Мишигдоржтой ярилцлаа.


-Татварын орлого 40 хувь нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Ямар орлогууд нэмэгдэж 40 хувь хүрэх хэмжээнд очив оо. Коронавирусээс шалтгаалж олон ч ААН хаалгаа хааж, иргэд даатгал төлөх боломжгүйд хүрсэн болов уу?

-Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллийн дагуу 2021 онд татварын орлого 11.3 их наяд төгрөг болж 2020 оны түвшнээс 32.3 хувь өссөн байна. Орлогын албан татвар 49 хувь, Нийгмийн даатгалын орлого 42.4 хувь, НӨАТ 28.4 хувь, гадаад үйл ажиллагааны орлоготой холбоотой татвар 27.3 хувь өссөн байдал нөлөөлсөн. Мөн 2020 оны хувьд татвар төлөгчдөө дэмжих чиглэлээр нэлээдгүй татварын хөнгөлөлтүүдийг олгосон. Энэ нь татварын орлого өсч харагдах шалтгаан болсон гэж харж байна.

-АН-ын үед татварын 4:10 хууль хэрэгжиж байсан. Энэ хуульд олон хүн ам сайтай байдаг. Татварын хуулиа бид энэ хуулиар явбал биш үү?

-Шинээр батлагдсан хуулийн хувьд судалгаа шинжилгээнд үндэслэн эдийн засаг, бизнесийг дэмжих, хуулиар ногдуулсан татварыг бүрэн хураах, шударга татвар төлөгчийг дэмжих, олон улсын татварын шинэ зарчмуудыг нэвтрүүлэх чиглэлд тодорхой зүйл заалтуудыг оруулан баталсан сайн хууль болсон гэж үзэж байна. Үүнд жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хүрээнд 50 сая хүртэлх орлоготой бол хялбаршуулсан горимд шилжих, 300 сая хүртэлх орлоготой бол 1 хувь татвар төлөх, 1.5 тэрбум төгрөгийн орлоготой бол 10 хувь хуулийн хугацаандаа төлснөөр 90 хувь буцаан авах, нийслэлээс 500 км зайд барладаг бол татвараа 50 хувь, 1000 км зайд байрладаг бол 90 хувь хөнгөлөх зэрэг татвар төлөгчдөд ээлтэй олон зүйл заалт орсон. Хувь хүний орлогын албан татварын хүрээнд ч мөн хялбаршуулсан горимоор татвараа 1 хувь төлөх боломжийг олгосон. Харин НӨАТ-ын хувьд бол өмнөх хуульд НӨАТ төлөгч болох босго 10 сая байсныг 50 сая болгон нэмэгдүүлсэн зэрэг нь харин ч илүү их боломж олгосон зүйл заалт болсон гэж үзэж байна. Зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийн хүрээнд хувь хэмжээний өөрчлөлт орсон.

-Татвар төлөхөөс зугтсан бол тухайн иргэн, ААН-ийг хорих хуулийн санкц хүртэл бий шүү дээ. Энэ нь яг ямар тохиолдолд үйлчлэх заалт вэ?

-Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг нь нийгэмд учруулах хор уршиг нь бусад гэмт хэргийг бодвол нэлээдгүй нөлөөлөл ихтэйд тооцогддог. Учир нь улс орны төсвийн орлоготой шууд холбоотой ойлголт юм. Татвар төлөхөөс зайлсхийх ойлголт нь татварын хуулийг хууль бусаар ашиглах, хугацаанд нь татвараа эс төлөх болон нуух, зайлшгүй шаардлагатай баримт бичгийг нуун дарагдуулах, заасан хугацааанд татвараа төлөхгүй байх зэрэг үйл ажиллагааг хамруулан авч үздэг. Үүнтэй холбоотой үүссэн зөрчлийг зөрчлийн тухай хууль, эрүүгийн хуулийн хүрээнд учруулсан хохирлоос хамааруулан арга хэмжээ авч байгаа. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18.3-т “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг гэж хуульчилсан байдаг. Ингэхдээ татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэсэн зүйл заалт байдаг.

-Бид авдаг цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэлд яг хэдэн төгрөг төлж байна вэ. Та дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч.

-Нийгмийн даатгалын шимтгэлийн хүрээнд даатгалын хувь хэмжээг шат дараалалтайгаар нэмэх арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулагдсан хэдий ч үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор одоогоор хувь хүнээс 11,5 хувь, Аж ахуйн нэгж байгууллагаас 12,5 хувь НДШ авч байна. Жишээлбэл, та нэг сая төгрөгийн цалинтай бол 115 мянган төгрөгийн НДШ өөрөө төлж, ААН нь харин 125 мянган төгрөг, ингээд та сард нийт 235 мянган төгрөгийн НДШ төлж байна.

-Залуучууд НДШ-ээ бууруулж НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлээч гэж жагссан. Гэтэл Засгийн газар НӨАТ-ын албан татварыг нэмэх нь байтугай өнөөх сугалааг нь болиулчихлаа. Манай улс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх боломж хангалттай бий гэж эдийн засагчид үздэг. Энэ тал дээр та ямар бодолтой байна?

-Тийм ээ, энэ тал дээр хүмүүсийн бодит орлого буурсантай холбоотойгоор татварын дарамт ихэссэн болохоор нийгмээс ийм хариу үйлдэл үзүүлэх нь аргагүй. Энэ тал дээр судлаачийн хувьд засгийн газраас дорвитой судалгаа явуулж нийтлэг хувь хэмжээг бус шатлалтай хувь хэмжээ тогтоох нь зүйтэй гэж үзэж байна.

-Шатлалтай хувь хэмжээ гэж юу вэ?

-Шаталсан хувь хэмжээ гэдэг нь их орлоготойгоос нь их хувь, бага орлоготойгоос нь бага хувиар татвар ногдуулахыг хэлнэ.

-Хоёр хил хаалттай хүндхэн цагт ААН-үүдээ харин ч татварын бодлогоор дэмжих хэрэгтэй биш үү?

-Засгийн газрын зүгээс ААН ээлтэй татварын бодлогыг явуулах чиглэлээр нэлээдгүй өөрчлөлтүүдийг авч хэрэгжүүлсэн талаар өмнө нь хэлсэн. Бүх татвараас чөлөөлөх нь бас улсын төсөв бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлдөг тул энэ асуудал дээр ч нарийн судалгаа хийх шаардлага үүсээд байна. Мэдээж үйлдвэрлэгч орон болохын тулд үйлдвэрлэлийн салбарын байгууллага болон шинээр үүсгэн байгуулагдаж буй аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх нь зүйтэй.

-Ковидын цаг үед бусад улс орнууд татварын ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

-Ковидтой холбоотойгоор улс орон бүр татвар төлөгчдөө дэмжих олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Тухайлбал Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татварыг бууруулах, өр төлбөрийн хүрээнд төлөх хугацааг сунгах, зарим нэг төрлийн татварын өрийг хүчингүй болгох болон эм, эмнэлгийн хэрэгслийн НӨАТ чөлөөлөх болон ажилгүй иргэд, хүүхэд, жирэмсэн эхчүүдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх гэх мэт.

-Манай улсын татварын бодлого оновчтой түвшинд явж байна уу?

-Татварын хүрээнд Адам Смитийн 1776 онд тодорхойлсон сайн татварын дөрвөн шалгуурыг авч үздэг. Үүнд тэгш шударга байх, тодорхой байх, энгийн хялбар байх, үр ашигтай байх гэсэн зарчмууд бий. Эдгээрийг тайлбарлавал тэгш шударга байх гэдэг нь нийгмийн баялгаас хүртсэн хэмжээгээр нийгмийн зардлыг санхүүжүүлэхэд хувь нэмрээ оруулах татварын ачаалал иргэн бүрт ижил байх. Тодорхой байх зарчмын хүрээнд татвар төлөгч юунд, хэзээ, ямар хэмжээний татвар яаж төлөх нь тодорхой байх. Энгийн хялбар байх гэдэг нь хууль тогтоомж энгийн ойлгомжтой, хоёрдмол утга агуулгагүй. Нягтлан бодох бүртгэл, татварын бүртгэлтэй уялдсан байх, татварын алба энгийн бүтэцтэй, шат дамжлага багатай байх гэсэн ойлголтыг авч үздэг бол үр ашигтай байх гэсэн ойлголтын хүрээнд оролцогч талуудын аль аль талын ашиг сонирхолд нийцүүлж хамгийн үр ашигтайгаар хөрөнгийг байршуулах, татвар төлөгчдөд хүндрэл учруулахгүй байх, татвар төлөх хураахад зардал хямд байх гэсэн зарчмуудыг авч үздэг. Татварын шинэчлэгдсэн хууль үр ашигтай байх зарчим дээр дахин зохицуулалт шаардлагатай нь ард иргэдийн бухимдал нийгмийн хандлагаас илэрхий харагдаж байна. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчид татвар төлснийхөө төлөө хүртэх өгөөж нь татварын зардалтайгаа харьцуулахад бага байна. Энэ нь татварын бодлогоос гадна Монгол Улсын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр хийгээд төсвийн орлогын зарцуулалттай нэлээдгүй холбоотой болов уу. Иймд татварын бодлогын хүрээнд ч тэр, татвар төлөгчдийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд ч тэр оновчтой зохицуулалтуудыг шаардаж байна.

-Зарим иргэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлж байгаадаа сэтгэл дундуур байдаг. Бараа, үйлчилгээ авахад 10 хувийн татвар нэмж аваад, хоёр хувийг нь буцаан олгож урамшуулал нэрээр хүмүүсийг татварын дарамтад орууллаа гэлцдэг. Ер нь манай татварын хувь, хэмжээ бусад орныхтой харьцуулахад ямар байдаг юм бол?

-Татварын хувь хэмжээний хувьд Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-аас гаргасан нийт 165 орныг хамруулсан судалгаанаас харахад НӨАТ татварын хувь хэмжээ дунджаар 19,3 хувь байгаа. Үүнтэй харьцуулахад манай орны татварын хувь хэмжээ бага байна. Гэсэн хэдий ч татварын ачааллыг дан ганц хувь хэмжээгээр тодорхойлох нь өрөөсгөл ойлголт. Учир нь хэдийгээр хувь хэмжээ нь бага байсан ч хэрэглэгчдэд очиж буй дарамт хэр байна гэдэг нь илүү чухал. Өнөөгийн нөхцөлд ихэнх массын цалингийн хэмжээ өдөр тутмын хэрэгцээнээсээ ч илүү гарахгүй, үнийн өсөлтийг дагаад хоногийн хэрэгцээтэй илчлэгтэй хоол, хүнсээ авах боломжгүй байдалтай байна. Энэ нь татварын уян хатан бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Энэ ч утгаараа зарим нэг улс орнуудад өргөн хэрэглээний бараа болох сүү, талх, маханд ногдуулдаг НӨАТ-ын хувь хэмжээ нь 0-5 хувь байдаг бол илүү тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүнд арай өндөр тогтоодог.

Олон улсад анх энэхүү татварыг татварын орлогыг бүрдүүлэх нэг том хүчин зүйл гэж харж байсан бол одоо татвар төлөхөөс зайлсхийх явдлыг таслан зогсоох нэг хэрэгсэл гэж харж байна.Татварыг 100 хувь олгодог улс орнууд ч цөөнгүй байдаг. НӨАТ-ын урамшууллын системийн хувьд Тайвань улс сугалааны систем бол далд эдийн засгийг илрүүлэх болон татварыг бүрэн хэмжээгээр хураан авах сайн туршлага үзүүлсэн гэж үздэг. Гэсэн хэдий ч үүсээд буй нөхцөл байдлыг авч үзвэл сугалаа нэрээр мөнгө тарааснаас илүүтэй татвар төлөгчдөд илүү өндөр хувиар буцаан олголт өгөх хэрэгтэй гэж бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *