Categories
мэдээ нийгэм

Иргэдэд харьяа эмнэлгээс нь урилга ирвэл эрт илрүүлэг, үзлэгтээ хамрагдана DNN.mn

Эрүүл мэндийн яамнаас тавдугаар сарын 1-нд орон даяар эхлүүлэх эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар мэдээлж байна.

Тавдугаар сарын 1-нээс орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил эхэлнэ.

Иргэдийг үзлэгт хамруулах график төлөвлөгөө гаргасан бөгөөд иргэд өөрийн оршин суугаа нутаг дэвсгэр дэх эрүүл мэндийн байгууллагад үзлэг шинжилгээндээ хамрагдана. Үзлэг, оношилгоо бүтэн жилийн турш явагдах учир урилга хүлээн авсан иргэн хуваарийн дагуу үзлэг, оношилгоогдоо орох юм.

Эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд нэг эмнэлэгт өдөрт 50-60 хүнийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулахаар төлөвлөсөн. Багцын шинжилгээ нь нас наснаас хамаарч 60-150 мянган төгрөгийн өртөгтэй байна.

Эрүүл мэндийн даатгалаа төлсөн ирсэн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах бөгөөд өнөөдрийн байдлаар малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн 46 хувь нь эрүүл мэндийн даатгалаа төлсөн байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Иргэд хорооноос зохион байгуулсны дагуу хуваарилсан эмнэлэгт очиж шинжилгээнд хамрагдана. Урилга ирсний дараа, товлосон өдөртөө шинжилгээнд хамрагдах ёстой. Бүтэн жил үргэлжлэх учраас яараад байх шаардлагагүй” гэв.

Иргэдийн гар утсанд өчигдрөөс “Монгол Улсын иргэн та 2022.05.01-нээс эхлэн жилийн турш үргэлжлэх эрт илрүүлэг, үзлэгт харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвөөс урилга ирсэн үед хамрагдана уу” гэсэн сануулга, мессеж илгээж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *