Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагаас эхэлнэ.
Түүнийг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр хөнөөсөн, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа.
Шүүх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэг/талийгаачийн гэргий/ оролцох юм байна.
Шүүхээс гаргасан шийдвэрийн талаар мэдээлэх болно.
Яллах дүгнэлт үйлдсэн хуулийн заалтаас:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1
2.1.Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
17.8 дугаар зүйл.Эд хөрөнгө устгах, гэмтээх
1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.