Монгол Улс БНСУ руу ургамлын тос экспортолж эхэлжээ. Сэлэнгэ үйлдвэр 30 мянган тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 2022 оны дөрөвдүгээр сарын 26-нд БНСУ-д эхний ээлжид экспортод гаргах 800 тонн ургамлын тосны гэрээг хийсэн байна.
Монгол үйлдвэрийн ургамлын тос нь эрүүл органик хөрсөнд тариалсан, транс тос агуулаагүй, ханасан тосны агууламж бага зэрэг олон давуу талтай. Эхний ээлжид экспортод гаргах ургамлын тосыг Сэлэнгэ үйлдвэрт найман өдрийн дотор үйлдвэрлэх боломжтой аж. Харин цаашдаа экспортод гаргах ургамлын тосны гол түүхий эд болох хар рапсыг их хэмжээгээр тариалах шаардлагатай. Гол нэрийн бүтээгдэхүүн болох хар рапсыг илүү ихээр тариалж чадвал дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй өөр олон оронд ургамлын тос экспортод гаргах боломж бүрдэх юм.