Categories
мэдээ нийгэм

ЧУУЛГАН: Тамирчин, дуучин төрийн байгууллагад харьяалагдаж, цалин авахыг хориглоно DNN.mn

УИХ-ын өнөөдрийн /2022.04.28/ чуулганы хуралдаан эхэлж байна. Хуралдаанаар “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлэг өрнөж байна.

Эл хуулийн төсөлд тээврийн хэрэгсэл, дэд, орлогч дарга, албан тасалгаа, дүрэмт хувцас, албан томилолт, цалин хөлс, нэмэгдэл, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, цахим худалдан авалтыг зохицуулж байгаа аж.

Ингэхдээ 15.1.8-д үндсэн чиг үүрэгт хамаарахаас бусад тохиолдолд спорт, урлагийн арга хэмжээ, баг, тамирчин, урлаг соёлын хамтлаг, дуучин ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хөдөлмөрийн дотоод журам заагаагүй хандив, тусламж, дэмжлэг өгөхийг төрийн байгууллагуудад хоригложээ.

Өөрөөр хэлбэл спорт хороодыг Биен тамир, спортын хороонд нэгтгэх, чуулгуудыг Соёлын яаманд нэгтгэн зохион байгуулах арга хэмжээг тусгасан байна. Ингэснээр Цагдаагийн “Хүч” нийгэмлэг, Батлан хамгаалах яамны дэргэдэх “Алдар” спорт хороо, ОБЕГ-ын дэргэдэх “Аврагч” спорт хороо зэрэг спорт хороодын тамирчдыг Биеийн тамир, спортын хороонд нэгтгэн зохион байгуулах аж. Ийнхүү спорт хороодод харьяалагдаж байгаа тамирчдыг нэгтгэж байгаа шалтгаан нь тамирчид хүчний байгууллагын орон тоонд орж ажилладаг. Гэтэл нэг ч тамирчин хамгаалалтад гарч зогсдоггүй тул ийнхүү тамирчдыг тусгаарлаж байгаа аж. Харин спорт хороонд зөвхөн хүчний байгууллагын алба хаагчдыг үлдээгээд, тамирчдыг шилжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн Цэргийн дуу бүжгийн чуулга, Хилийн цэргийн чуулга, ЦЕГ-ын дэргэдэх “Сүлд” чуулга, Улаанбаатар чуулга зэрэг чуулгуудыг Соёлын яаманд нэгтгэн зохион байгуулах аж.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад сар бүр урамшуулал олгож байгааг хязгаарлах” саналыг гаргалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *