Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ХЗДХ-ийн яамнаас боловсруулсан хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эхнийх нь Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл. Монгол Улс сүүлийн 30-аад жил зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш төр, орон нутаг, хувийн сектортойгоо бизнесийн бүхий л салбарт холилдож, өрсөлдөж ирсэн. Засаглалын хувьд тийм ч сайн тогтолцоог ТӨҮГ-уудад бүрдүүлж чадаагүй. Энэ алдаагаа залруулахаар энэ хуулийг боловсруулсан.
Мөн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ. 2017.07.01-нээс хойш таван жил үйлчилж байгаа хууль. Хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийсний үндсэн дээр энэ хуулийн төслийг боловсруулсан. Залуучууд жагсаж, авлига албан тушаалын хэрэгт оноох ял шийтгэлийг чангаруулах шаардлага тавьсан.
Энэ дагуу авлига, албан тушаалын ял шийтгэлийн бодлогыг чангатгаж байна. Хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж байна. Торгох ялыг авлигын хэрэгт оногдуулахгүй. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хэрэг хялбаршуулан журмаар шийдэх явлыг хасаж байна. Мөн албан тушаалтан бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгт шалгуулахгүй явдаг халдашгүй эрхтэй үед хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж, бүрэн эрх нь дууссанаас хойш үргэлжлүүлэн шалгах заалт оруулж ирж байна. Мөн авлига, албан тушаалын хэрэгт албан тушаал хаших эрхийг 20 хүртэлх жилээр хасах заалт оруулж ирлээ.
14-16 насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэрэгт торгуулийн ял биш хорих ял оногдуулахаар хуулийн өөрчлөлт орлоо. Цаашид өршөөл үзүүлэхгүй зүйл заалтуудыг тусгайлан бичиж өгсөн. Бэлгийн эрх чөлөөний эсрэг, авлигын, хүн төрөлхтний эсрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг зарим гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй. Түүнчлэн 300 мянгаас доош хохиролтой хулгайг Зөрчлийн хэрэг гэж үздэг байсан бол энэ өөрчлөлтөөр хулгай л бол хулгай гэж үзэж, хохирлын хэмжээг хамаарахгүйгээр Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байхар заалт орууллаа” гэв.