Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярмагнай: Япончуудын барьсан замын бродюр хамуурдаггүй, монголчуудынх болохоор хамуураад байгаа хэрэг үү DNN.mn

Нийслэлийн авто замын шинэчлэл нэрээр жил бүр замын хашлага буюу бродюр, явган хүний замыг солих ажлууд хийгдсээр байдаг. Үүний цаана тодорхой бизнес бий болсон гэх хардлага, шүүмжлэл өрнөсөөр байгаа юм. Тэгвэл энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай өчигдөр хэвлэлийн бага хурал зарлав. Түүнтэй ярилцлаа.


-Бродюр, явган хүний замыг онц шаардлагагүйгээр сольж байна гэх шүүмжлэл өрнөсөөр байгаа. Та ч бас энэ асуудлыг хөндөж байна?

-Бид нэг зүйлийг маш сайн мэдэж байгаа. Өнөөдөр Монгол Улсад бүтэж байгаа зүйл гэж байхгүй болсон. Утаагаар мөнгө хийнэ, хөшөөгөөр мөнгө хийнэ. Сүүлдээ бродюроор, явган хүний замаар мөнгө хийдэг боллоо гэж хардахад хүргэж байна. Жил бүр авто замын шинэчлэл өрнөдөг нэртэй. Зам нь сайжирдаггүй, хашлага, явган болон дугуйн зам л солигдоод байдаг. Үүний ард бол авлига, хээл хахуулийн асуудал байх эрсдэлтэй.

-Нийслэлийн авто замын газраас энэ асуудлыг эсэргүүцэж мэдэгдэл хүртэл гаргасан байсан?

-Ерөөсөө л манайд тэгдэг шүү дээ. Но-той асуудлыг нь ил гаргаад ирэхээр мэдэгдэл хийгээд л, холбоотой ганц нэг хүнээ халаад өнгөрдөг. Нийслэлийн авто замын газрын даргын мэдэгдэлд нэг зүйл анхаарал татаж байгаа. Бродюр сольдог ажил гэж байдаггүй гэж. Энэ бол ноцтой зүйл. Өөрөөр хэлбэл, бидний татварын мөнгөөр зам шинэчлэхдээ бага зэрэг эвдэрсэн, магадгүй зүгээр ч хашлага, замыг шууд төсөвт суулгаад, тендер зарлачихдаг гэсэн үг.

Түүнээс гадна тэд замын ажил дээрээ ямар нэгэн хяналт шалгалт хийдэггүйгээ баталж өглөө. Энэ бол ард иргэдийг, нийслэлчүүдийг улайм цайм доромжилсон үйлдэл. Нарны замыг хар л даа. Япончуудын хийсэн бүтээн байгуулалт шүү дээ. Өнөөдөр хүртэл энэ олон жил ямар ч засвар хийсэнгүй, бродюрыг нь ч сольсонгүй. Явган хүний зам нь хэвээрээ, элэгдээгүй л байна. Гэтэл монголчуудын барьсан зам болохоор жил болгон л бродюр нь солигдоод байдаг. Үүнийг чинь хүмүүс харж байгаа шүү дээ.

-Бродюр хамуурдаг учраас солих шаардлагатай гэв үү?

-Яалаа гэж дээ. Тэгвэл япончуудын барьсан замын бродюр хамуурдаггүй, монголчуудынх болохоор хамуураад байгаа хэрэг үү. Энэ бол илтэд ард иргэдийг доромжилсон үйлдэл. Цаашид ч байх боломжгүй. Үүнийг нэг талдаа гаргах ёстой. Тийм учраас би энэ асуудлаар АТГ-т хандаж байна.

-Тодорхой факт хэлээч. Бродюроос ямар ашиг олдог гэж?

-Нэг км зам тутамд нэг талдаа 1000 ширхэг бродюр орно. Хоёр талдаа гэвэл 2000 болно. Өмнө нь нэг бродюрын үнэ 20.000 төгрөг байсан. Өнөөдөр бол цар тахал, эдийн засгийн хүндрэл, барилгын материалын үнэ ханш өссөн зэргээс шалтгаалаад энэ үнэ хэд ч нугарсан байж мэднэ. Зүгээр л өмнөх хямд үеийн дүнгээр бодоход км тутамд 40.000.000 төгрөгийн бродюр солигддог байх нь. Жилд хотын хэчнээн км замд ийм бродюр солигддог билээ. Дээр нь нэг хийгээд хэдэн жил болохгүй, бараг жил бүр сольж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол бизнес гэж үзэхээс аргагүй.

Явган хүний зам ч тэр. Өмнө нь нэг метр кв нь 100.000 төгрөг гэсэн ханштай байсан. Одоо ч нэмэгдсэн. Хамгийн гол нь багахан гэмтэлтэй, солих шаардлагагүй бродюр, явган хүний замыг жил бүр солиод байгаа нь л анхаарал татаж, үүний ард хэн нэгний эрх ашиг явагдаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байгаа юм.

-Жил бүр солигддог гэдэгтэй санал нийлж байна л даа. Олон нийт ч ихээр шүүмжилж байгаа?

-Монгол Улс чинь бродюрын мафитай болсон гэдэг яриа байгаа шүү. Энэ бол оргүй зүйл биш. Ерөөсөө манай улс чинь бродюр, хөшөөний орон болчихлоо шүү дээ. Бродюр шинэчлээд зам нь сайжирдаггүй, хөшөө бариад улс нь хөгжихгүй байна.

Түүнээс гадна жил бүр солиод байдаг хашлага, явган хүний замын хавтангаа яадаг нь тодорхойгүй. Нэг баазад хураадаг, түүнийг цааш дамлаж зардаг гэсэн мэдээлэл байдаг. Бас л давхар бизнес гэсэн үг. Ямартаа ч энэ асуудалд шүгэл үлээж, тодорхой болгох ёстой. АТГ болон хотын даргад энэ асуудлаар хандаж байна.

Нийслэлийн авто замын газрын холбогдох хүмүүс болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрыг шалгах ёстой. Үүний ард нэлээд аюултай нөхцөл байдал үүссэн гэж хардаж байна. Нийслэлийн авто замын газрынхан бродюрыг улс биш, компаниуд хийдэг гэж байна лээ. Зам бол нийслэлийн хөрөнгө. Нэг компани дураараа хийгээд, дахиад өөр нэг нь давхар хийдэг гэсэн үг үү.

Үүнийг Хотын захиргаа өөрсдийнх нь буруу биш, компаниудын буруу гэж тайлбарлаж байна шүү дээ. Ийм хяналтгүй байж болохгүй. Ер нь улс орондоо сэтгэлтэй баймаар байна. Дарга болох чухал юм уу, улсаа хөгжүүлэх нь чухал юм уу. Олон нийт маш бухимдалтай байна шүү дээ.

-Чингэлтэй дүүргийн хувьд энэ асуудал ямар хэмжээнд байна вэ?

-Ялгаагүй. Ерөөсөө л бүх дүүрэгт байгаа асуудал. Зөвхөн замаар зогсохгүй хүүхдийн тоглоомын талбайн асуудал ч манайд хүнд байна. Манай дүүрэг энэ жил 30 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Гэтэл гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай байхгүй. Тоглоомын талбай байсан газрыг нэг дарга нь аваад нөгөө даргадаа шилжүүлсээр өнөөдөр хүүхдээ тоглуулах битгий хэл гаргахаас ч айдаг боллоо шүү дээ. Тухайлбал, Тэнгис кино театрын ард, Оранж төвийн урд талбайд ийм жишээ байна.

-Замаас гадна хөшөөний асуудлаар АТГ-т хандаж байгаа гэв үү?

-Тийм. АТГ болон хотын даргад хандаж байгаа. АТГ-т бол замын бродюрын асуудал болон Богд зонхов хөшөөний талаар хандсан. Нийгэмд шүүмжлэл дагуулаад байгаа энэ зүйл дээр хууль хяналтын байгууллага ажиллаж, шалгалт хийж мөсийг хагалах ёстой.

Хотын даргад эдгээр хоёроос гадна зам барилгын ажлыг намар биш хавар, зуны улиралд эхлүүлдэг байхыг шаардаж хандаж байна. Учир нь манайд зам барилгын ажил намар эхэлдэг. Төсөв мөнгөтэй нь холбоотой байх. Гэхдээ үүнийг шийдэх ёстой шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *