Categories
мэдээ нийгэм

Баянзүрх болон Чингэлтэй дүүрэгт 162 гараашийг буулгаж, газар чөлөөлж байна DNN.mn

Баянзүрх дүүргийн долдугаар хороонд 72 гарааш буулгаж, газрыг чөлөөлөв.

Өнгө үзэмжгүй гарааш, иргэд явахад эрсдэлтэй, хогт дарагдсан орчин бол Баянзүрх дүүргийн долдугаар хороо юм. Ийм орчныг өөрчилж ногоон байгууламж, ил зогсоол, хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил өнөөдрөөс эхэлжээ.

Нэн тэргүүнд 37Б байрны урд байрлах нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан 72 гараашийг буулгаж, газрыг чөлөөлсөн байна. Үүний дараа тухайн хэсгийг цэвэрлэж бүтээн байгуулалт, тохижилтын ажилтай холбоотойгоор иргэдээс санал авах ажил эхлэх аж.

Иргэндээ ээлтэй орчин бий болгохоор эхлүүлсэн ажлыг оршин суугчдаас гадна гарааш эзэмшигч иргэд дэмжиж хамтран оролцож байна. Мөн 37Б, 33 дугаар байр хооронд иргэд чөлөөтэй зорчих боломжтой болж, орц гарцыг давхар нээж байна хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Мөн тус дүүргийн дөрөвдүгээр хороо, Орос 14 дүгээр сургуулийн хойд талын хөл бөмбөгийн талбайн баруун, хойд талд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан 66 ширхэг тоосгон гараашийг буулгаж, газрыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байна.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр, орон сууцны 24 дүгээр байрны баруун талд байрлалтай 24 ширхэг тоосгон гараашийг албадан буулгах, газар чөлөөлөлт хийгдэж байгаа аж.

Чингэлтэй дүүрэг газар чөлөөлсөн байршлуудад явган хүний зам, автомашины зогсоол бүхий тохижилт хийхээр төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *