Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Золбаяр: Эрх баригчид жагсаал зохион байгуулж ажлаа сурталчилдаг шинэ хэв маяг бий болчихсон юм уу DNN.mn

Төв талбайд үзэл бодлоо илэрхийлж буй иргэн Т.Золбаяртай ярилцлаа.


-Авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл эрх баригчдад алга-


-Залуус “Ажлаа хий” гэх жагсаал зохион байгуулж Засгийн газарт шаардлага хүргүүлээд хоёр долоо хонолоо. Үр дүнд нь НӨАТ-ын сугалааг л цуцаллаа. Өөр ямар ч үр дүн гарсангүй.

-Шаардлагыг хэдхэн залуус л хүргүүлж байна лээ. Нийгмийн хүсэл эрмэлзэл тусгагдсан гэж үзэхгүй байгаа. Тухайн үед Засгийн газрын тэргүүнтэй хэлцэл хийнэ гэж нийтээс санал аваагүй. Залуусын төлөөлөл гэж цагаан хоолой барьж гүйсэн нөхдүүд хоорондоо ярьж байгаад л орж уулзаад гарч ирсэн. Уулзалтын үр дүнгийн талаар ч гарч ирээд тоймтой хариу өгөөгүй алга болсон. Тухайн шаардлагад 20 метрийн радиуст хамт зогсож байсан хүмүүсийн санаа л тусгагдсан. Төв талбайд цугласан залуусын санаа бодол тэнд тусгагдаагүй. Тэнд дурдагдсан шаардлагуудаас үр дүн хүлээгээд хэрэггүй байх.

-Та өнөөдөр “Ажлаа хий” гэсэн лоозон бариад энд сууж байна. Ямар асуудал тавьж байгаа юм бэ?

-Авлигатай тэмцэх газар ажлаа хий л гэсэн шаардлага тавьж дөрөвдүгээр сарын 8-наас хойш энд сууж байна. Улс орны хөгжлийг хойш нь татаж байгаа гол зүйл нь авлига, хээл хахуулийн асуудал. Авлигатай тэмцэх хүсэл, эрмэлзэл эрх баригчдад алга. Нам дамжсан авлигачдыг авч хаяагүй цагт мянга жагсаал хийж, дуу хоолойгоо хүргээд үр дүн гарахгүй. Дөрөвдүгээр сарын эхээр болсон залуусын жагсаалын үеэр цугласан залуусын хандлагыг нь анзаарахад тэгш эрх алдагдсаныг хөндөж байна лээ. Шаардлагад энэ талаар тусгасан зүйлийг би анзаарч хараагүй. Өнөөдөр нийгэмд залуусыг бухимдуулж байгаа гол асуудал нь тэгш эрх алдагдсан явдал. Ганц жишээг л энд онцолъё л доо. УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа “Эрдэнэс Монгол”-ын захирлаар ажиллаж байх үедээ тэрбум төгрөгийн авлигын хэрэгт холбогдсон нь бүх баримттайгаа нийтэд ил болсон. Энэ үйлдэлдээ 40 сая төгрөгөөр торгуулаад, төрийн албанд ажиллах эрхээ хасуулаад л өнгөрсөн. Гэтэл нэг тэрбум бүү хэл нэг сая төгрөгийн л үнэлгээтэй гар утас хулгайлсан залуу ял аваад шууд торны цаана суудаг. Утас хулгайлахыг зөв гэж байгаа юм биш шүү. Наад захын жишээг дурдахад л ийм. Нөгөө талд тэрбумын авлига авсан дарга сул чөлөөтэй явж байна. Авлигачдын толгойг илсэн ийм байдлаар төрийн ажил урагшаа явахгүй. Өндөр албан тушаалтнууд бүгд л авлига авч торгуулаад өнгөрөхийг бодно шүү дээ. Би үүнийг эсэргүүцэж л энд сууж байна.

-Хэдэн мянган залуус цуглаад үр дүнд нь НӨАТ-ын татварыг л цуцалсныг түрүүн хэлсэн. Өнөөдөр бараг ганцаараа сууж байна. Ямар үр дүн хүлээж байна вэ?

-Нэг өдрийн дотор үр дүн гарахгүй. БНСУ-д хоёр сар жагссан ч тохиолдол байдаг. Жагсаал, цуглаанаар үзэл бодлоо илэрхийлсэн хэлбэр тууштай байх ёстой гэж боддог юм. Хоёрдугаарт, шаардлагууд нь үр дүн гаргахаар хэмжээнд байх хэрэгтэй. Сайд дарга нар, төрийн түшээд эрх мэдлээрээ нөлөөлж бусдын боломжийг хулгайлдаг ёс зүйтэй байж болохгүй. Эрх мэдлээ ашиглаж бусдын боломжийг хулгайлсан асуудалд холбогдсон л бол ажлаа өгөөд шалгуулдаг ёс зүй эрх баригчдад алга. Үүнийг эсэргүүцэж байна. Үр дүнд хүрэхэд тодорхой хугацаа хэрэгтэй. Үзэл баримтлалаараа надтай нэгдэх хүмүүс байвал нээлттэй гэдгийг энд онцолъё.

-Жагсаалын дараахь үйл явцыг анзаарахад эрх баригчид үймээн зохион байгуулж ажлаа сурталчилж байгаа ч юм шиг дүр зураг харагдаж байна л даа. Ажлаа сурталчлах, чих зөөлөнтэй имиж бүрдүүлэх ийм шинэ хэв маяг бий болчихсон юм биш үү?

-Байж болно. Сая өрнөсөн жагсаалын үеэр ийм өнгө аяс ил цагаан харагдсан шүү. Цагаан хоолой барьж хашхираад л, Ерөнхий сайдын чихэнд шивир авир хийж гүйгээд байсан нөхдүүд л шаардлага хүргүүлж байна лээ. Эрх баригчид хийх ажлынхаа сурталчилгааг хийхдээ тэднийг ашигласан ч байж болно. Ерөнхий сайд нь Хууль зүйн сайдтайгаа хамт гарч ирж үг хэлээд л өнөө нөхдүүд тойрч гүйлдээд л. Тавилттай ч юм шиг. Инээдтэй л харагдаж байсан. Эрх барчигдын ажлыг тайлагнадаг нөхдүүд залуусыг турхирч залуусыг цуглуулсан байх боломжтой. Тэр нөхдүүдийн шаардлагыг анзаарахад цаашид нийгэмд гэрэл гэгээ татуулахаар зүйл ер нь байгаагүй дээ. Гэхдээ тухайн үед итгэл үнэмшлээрээ ирсэн залуусыг энд үгүйсгэж болохгүй.

Харин харанхуй ордон тойрч хашхиралдаж эмх замбараагүй байдал үүсгэсэн нөхдүүдийг итгэл үнэмшлээрээ ирсэн гэж харахгүй байна. Таны хэлж байгаагаар эрх баригчдын гар хөл болсон улс байх магадлалтай. Энд нэг зүйлийг онцлоход, өнгөрсөн жил дуучин С.Жавхлан төв талбайд суулт хийх үеэр би ингээд л лоозон бариад сууж байлаа. Тухайн үед алгын чинээ лоозон бариад суухад л цагдаа нар ирж шалгаад л хөөж, туугаад л цаг үе хэцүү байсан шүү. Ингээд сэтгүүлчдэд яриа өгөхөд хүртэл хажуугаар цагдаа нар шалгаагаад л. Картон цаас дэвсээд суухад л булааж аваад зугтдаг байлаа. Сая залуус тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхэд хүчний байгууллагын зүгээс уриа лоозонг нь булааж янз бүр болсонгүй. Энэ бол жагсаалын нэг үр дүн гэж харж байгаа. Бид ямар ч үед Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хязгаарлуулж хэрхэвч болохгүй. Цаашид ч төрд үүрлэсэн авлигатай тэмцэж байгаа энэ үйлдлээ тууштай үргэлжлүүлэх болно. Энэ бол өргөс авахын хоромд л шийдэгдэх асуудал биш л дээ. Тууштай явж л үр дүнд хүрнэ. Үр хүүхдээ авлигагүй нийгэмд үлдээхийн тулд үзэл бодлоо тууштай илэрхийлж дуу хоолойгоо өргөж байх хэрэгтэй гэж боддог. Нэг асуудал нөгөө асуудлын чимээнээр дарагддаг загасны ой санамжтай байгаад бид юуг ч өөрчилж чадахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *