Categories
мэдээ нийгэм

А.Лхагвацэнд: Үйлчлүүлэгчдэдээ баталгаатай мэдээлэл хүргэхийн тулд хүмүүсийн хамгийн их уншдаг сониныг захиалахыг илүүд үзсэн DNN.mn

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай өдөр тутмын сонин “Өдрийн сонин”ыг албан байгууллагууд, тэр дундаа үйлчилгээний газрууд захиалдаг соёл бий. Тэдний нэг “Coffeel­ogy” кофе шоп сониноос авч болох сонирхолтой мэдрэмжийг бусдад түгээхийг хүсдэг бөгөөд амтат кофе, тав тухтай орчныг бий болгосон нь хэнд ч тааламжтай сэтгэгдэл төрүүлэх аж. Тус кофе шопын захирал А.Лхагвацэндтэй ярилцлаа.


-Танайх хэзээ нээгдсэн бэ?

-“Coffeelogy” кафег нээгээд жил зургаан сар болж байна. Одоогийн байдлаар дөрвөн салбартай болоод байна.

-Танай кафе үйлчилгээний зааландаа өдөр тутмын сонин байрлуулжээ?

-Хоёр жилийн турш хөл хорионд орж, жигд ажиллаж чадаагүй болохоор саяхнаас л сонин захиалж эхэлсэн. Хөл хорионы үеэр хасахтай байсан ч ажлын байраа хадгалж үлдэж давж чадсан минь маш том амжилт байсан. Тэрнийхээ ард гараад жаахан амьсгаа аваад босоод ахиад нэмэлт юм хийж эхлэх болж байгаа болохоор л хийж байгаа гэсэн үг л дээ. Тэрнээс өмнө ч гэсэн боддог байсан юм. Европын оронд хүмүүс содон өнгө үзэмжтэй барилгуудынхаа гадаа суугаад өглөөнийхөө кофег ууж, сонин уншдаг. Манайд ч гэсэн тийм орчин, нөхцөлийг бүрдүүлсэн газар яагаад байж болохгүй гэж. Сониноос авах мэдрэмж надад сонирхолтой санагдсан.

-Үйлчлүүлэгчдэдээ сонин санал болгож байгаа нь их оюунлаг санагдлаа?

-Ямар хуулийн төсөл яригдаж байна, ямар нь батлагдахаа больчихов, ямар нь хэзээнээс хэрэгжиж эхлэх үү гэх мэт мэдээллүүд нь хүмүүсийн амьдралд чухал нөлөө үзүүлдэг. Харин тэр мэдээллээ баталгаагүй эх сурвалжаас авах гээд байдаг талтай. Жишээ нь, утас, интернэт байхад нэг пэйж дагаад мэдээллээ авчихна. Сонингоор яах юм гэж хэлж магадгүй л дээ. Гэхдээ өглөө гэрээсээ гараад орой гэртээ очдог хүмүүс тэр болгон зурагт үзээд байдаггүй. Утсаа л ухна. Тэгээд утсаараа худлаа, үнэн шүүлтүүргүй мэдээ уншаад, тэрэндээ итгээд цаашаа дамжуулж ярина. Харин сонин дээр баталгаатай мэдээлэл нийтлэгддэг. Нөгөөтэйгүүр сонины цаасыг эргүүлэх, үнэрийг нь үнэрлэх энэ бүгд бодит мэдрэмж шүү дээ. Тэр мэдрэмжийг өгөхийг хүссэн.

-“Өдрийн сонин”-г онцолж захиалах болсон шалтгаан нь юу вэ?

-Үйлчлүүлэгчдэдээ баталгаатай мэдээлэл хүргэхийг зорьж байгаа учир хүмүүсийн сонирхож уншдаг сониныг захиалахыг илүүд үзсэн. Шуудан дээр очоод хамгийн сайн гардаг, олон уншигчтай сониноос захиалъя гэтэл хамгийн түрүүнд “Өдрийн сонин”-ыг санал болгосон. Мөн “Зууны мэдээ”-г хэлж байсан.

-Захиалсан дугааруудаа өглөө болгон авч байгаа юу?

-Тийм ээ. Улирлаар нь захиалчихсан байгаа. Өглөө 9-11 цагийн хооронд хүргэлтээр ирдэг.

-Та мэдээллээ хаанаас авдаг вэ?

-Миний хувьд эмх цэгтэй мэдээллийн урсгалыг илүүд үздэг учир мэдээний тойм харчихдаг байсан. Одооноос харин сонин уншиж эхэлж байна. Сонины цаасны үнэр гоё.

-Орчин цагт хүн бүхэн гар утас шагайдаг болчихлоо. Ер нь ном, сонин унших нь ямар ач холбогдолтой юм бол?

-Мэдээж ач холбогдолтой. Гэхдээ одоо хүн болгоныг ном, сонин унш гэж тулгаж болохгүй. Бүх хүний амьдралын дадал, хэв маяг өөр. Номыг хуудсаар нь эргүүлж уншиж кайф авдаг хүн байдаг бол аудио хэлбэрээр сонсож мэдлэг хуримтлуулдаг ч хүн байна. Тэгэхээр унших нь уншаад, сонсох нь сонсоод өөрийн амьдралын хэв маягтаа тааруулах нь зөв байх. Гол нь тэндээс мэдлэг, мэдээлэл авч байна гэдэг нь чухал.

-Орж ирж байгаа хүмүүс сониныг хэрхэн уншиж байна. Ямар насныхан илүүтэй сонирхож байх шиг байна вэ?

-Сониныг идэвхтэй гарчиглаад суудаг хүмүүс байдаг байх. Гэхдээ манай кофе шопт үйлчлүүлж байгаа нь 25-35 насны залуучууд байдаг болохоор тэд л их сонирхоно. Өө ямар гоё юм бэ? гээд л гайхна. Мэдээж ямар ч өөрчлөлт шууд үр дүн үзүүлэхгүй. Гэсэн ч яваандаа уншдаг болно гэдэгт итгэж байгаа учир өдөр болгон шинэ сонин бэлэн байх хэрэгтэй.

-Танай кофе шопын тохижилт, найрсаг үйлчилгээ, бүтээгдэхүүний амт их сайхан юм. Өглөө хэдэн цагт онгойдог вэ?

-Мэдээж сонин байршуулсан нь содон зүйл болсон. Мөн манай кафе өглөө 06:00 цагт нээдэг бөгөөд кофе, цайны баялаг цэстэй. Жишээ нь, кофе уудаггүй болон жирэмсэн эхчүүдэд зориулсан олон төрлийн цай, шэйк, смүүти, баабл тий, халуун хүйтэн кофе гэх мэт өргөн сонголтыг санал болгодог. Мөстэй кофе хийхдээ мөсийг нь ус биш, кофе хөлдөөж хийдэг. Мөс кофены амтыг сулруулж, кофег шингэлдэг. Одооноос зуныхаа бэлтгэлийг хийж кофегоо хөлдөөж эхэлсэн.

-Кофе шопоос кофены амт, үнэрээс өөр ямар мэдрэмжийг авч болох вэ?

-Манай байгууллагын баримталдаг зарчим бол хүнд сайхан мэдрэмж төрүүлэх, тав тухыг мэдрүүлэх. Тиймдээ ч булан тохой бүрд анхаарч ажилласан. Кофе шоп бол хүмүүсийн сэтгэл санааг өөрчлөх чухал үйлчилгээний газар. Тухтай орчинд амттай кофе уугаад бариста нь соёлтой үйлчлээд гаргахад тэр хүний бүтэн өдрийн стрессийг тайлж болно.

-Яагаад кофе шопын салбарыг сонгон ажиллуулах болсон бэ?

-Кофе шоп нээхээс өмнө бейкери, хоол үйлдвэрлэлийн чиглэлийг сонгон ажиллуулж

байсан. Цар тахал гарснаас болоод хоол үйлдвэрлэл болоод хүнсний үйлдвэрлэлийн салбар хэцүү байдалд орж, хүндрэл учирсан. Тиймээс өөрөө кофе уух дуртай, кофены соёлыг түгээн дэлгэрүүлэхийг хүсдэг юм чинь гээд кофе шоп нээсэн.

-Залуу хүн бизнес эрхлэхэд юун дээр анхаарах ёстой вэ?

-Миний бодлоор бизнес эрхлэхдээ хууль эрх зүйн орчноо сайн судлах хэрэгтэй санагддаг. Шинээр бизнес эрхэлж байгаа залуучууд тэр тал дээр жаахан алдах гээд байдаг. Миний хувьд ч зөндөө алдаа гаргаж байсан. Тиймээс тухайн ажиллаж байгаа салбартаа хууль эрх зүйн орчны хүрээнд юун дээр анхаарах ёстой вэ гэдгээ сайн судлаад, анхнаас нь бүх зүйлээ төлөвлөөд эмх цэгтэй эхлээрэй гэж зөвлөмөөр байна.

-Таны хувьд бизнесээ эхлүүлэхэд ямархуу хүндрэл, бэрхшээл тулгарсан бэ?

-2015 онд бейкериний газраа ажиллуулж эхлэхдээ цэвэр өөрийн буруугаас болсон бэрхшээлүүдтэй тулгарч байсан л даа. Жишээлбэл, бүтээгдэхүүний хөгжүүлэлт, зах зээлээ сайн судлаагүй гэх мэт асуудлууд гарч ирсэн. Юманд яаруу хандсанаасаа болж гарах үр дагавруудыг нь тооцоололгүй маш их ачааг үүрсэн. Алдсан алдаагаа засаад, тууштай байж чадвал бүх зүйл боломжтой. Юунд ч битгий яараарай. Битгий айгаарай залуус аа.

-Манай сониноор дамжуулж төр засагт хандаж юу хэлэхсэн бол?

-Аж ахуйн нэгждээ жаахан ээлтэй хандаасай гэж хүсч байна. Хүнс үйлдвэрлэлийн салбарт ажилладаг хүний хувьд гудамжинд хоол хүнс үйлдвэрлэж зарах шууд худалдааг хөгжүүлэх тал дээр анхаараад аль боломжтой нөхцөлөөр нь хангаад дэмжээд өгөөсэй гэж боддог. Гадны орнуудад шууд л гудамжинд хоолоо хийгээд, уух юмаа зардаг шүү дээ. Түүн шиг Монголд зам дагуу явуулын жижиг кофе шоп, кафе, хоол хүнсний худалдаа явагдаж байвал соёлтой, сонирхолтой байх болов уу.

-Цаашдаа кафегаа ямар өнгө төрх, загвар дизайны хүрээнд өргөтгөх бодолтой байгаа вэ?

-Сонин бол манай бүх салбаруудын салшгүй нэг хэсэг нь байх болно. Мөн шинээр нээгдэж буй салбар бүрдээ өвөрмөц дүр төрхийг бүтээнэ. Энэ салбарт л гэхэд ижил төстэй зүйлс их бий. Энэ мэтчилэн салбар бүрийн өнгө төрх, загвар дизайнаа шинэчлэн хадгалах болно.

-Саяхан Сүхбаатарын талбай дээр иргэд нэгдэж Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Та очсон уу?

-Тэр жагсаалаар дамжуулж иргэд дуу хоолойгоо хүргэхийг хичээсэн. Юу хүсээд байгаа вэ, юу хэрэгтэй байгаа вэ, төрийн зүгээс ямар хүлээлттэй байгаа вэ гэдгээ илэрхийлсэн.

-Залуучууд үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ ямархуу хандлага гардаг вэ?

-Маш зөв харилцаа, хандлагатай болсон. Үйлчилгээний газрын дүрэм журмыг сахиж, соёлтой үйлчлүүлдэг.

-Баярлалаа. Ажлын амжилт хүсье.


М.Сайнзаяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *