Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын гишүүд онгоцоор томилолтод явах нь зүйтэй талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Шивээхүрэн-Сэхээ боомтод ажиллахдаа Улаанбаатар хотоос гараад Шивээхүрэн, Цагаандэл боомт хүртэл тээврийн хэрэгслээр явсан. Жанжин баг дээр орой уулзалт эхлэх гээд Шивээхүрэнгээс тухайн баг хүртэл ойролцоогоор 600 орчим километр шороон замаар зорчдог учир яагаад ч амжихгүй байсан.
Тиймээс иргэд хүлээж, бухимдал их байгаа гэсэн үүднээс Цагаандэл боомтоос Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн ослын үед ашигладаг гэрээт онгоцоор зорчсон нь үнэн.
Засгийн газрын гишүүд цаашид орон нутагт томилолтоор ажиллахад жижиг оврын шатахуун бага хэрэглэдэг онгоц хэрэглэх нь зөв. Тухайн баг өдөртөө очиж ажиллаад ирвэл хамгийн бага зардал гаргах боломжтой. Агентлаг, яамдын төлөөлөл томилолтод заавал нэг машин дагуулж явдаг.
Ер нь бол томилолт гээд ар араасаа олон машин дагуулж явахыг буруу зүйл гэж боддог. Ингэснээр цаг хугацаа алдаж, их ч зардал гаргадаг. Хэмнэлтийн тухай хууль дээр энэ асуудлыг тусгаж байгаа” гэлээ.
Мэдээллийг Парламент телевизийн шууд дамжуулалтаас бэлтгэв.