Categories
мэдээ цаг-үе

DNN-ЯРИЛЦЛАГА: Тоглосон кино, бүтээсэн дүр болгоноосоо их зүйл сурч байна DNN.mn

“Миний сахилгагүй залуу” киноны гол дүрийг бүтээсэн Б.Замилантай ярилцлаа. Тэрбээр дэлгэцийн уран бүтээлд хүч түрэн орж ирж буй залуу жүжигчин бөгөөд гурван өөр мэргэжилтэй. Түүнийг “Говийн домог” киноны Эгээрэл гүнжийн дүрээр нь олон хүн таних биз ээ.

-Сайн байна уу. Юун түрүүнд шинэ киногоо нээсэнд нь баяр хүргэе. Киноныхоо талаар яриач?

-Баярлалаа. “Миний сахилгагүй залуу” кино маань миний хувьд анхны романтик инээдмийн кино байсан. Энэ киноны зохиол болоод дүр сонголт нь маш их таалагдсан. Жүжигчин У.Цогтбаярыг мэдэхгүй хүн байхгүй. Комедиаг баздаг шүү дээ. Тэр ч утгаараа комедиан жүжигчинтэй хамтрах нь сонирхолтой санагдсан.

-Бусад бүтээсэн дүрүүдээс нь “Миний сахилгагүй залуу” киноны дүр юугаараа онцлог байсан бэ?

– “Говийн домог” киноны Эгээрэл гүнж хурц ааш араншинтай, зоригтой, шийдэмгий гүнжийн дүр байсан бол “Нарны садан” киноны Гиймэлийн дүр хүлээцтэй, аливаад бодолтой ханддаг, шууд хариу үйлдэл үзүүлдэггүй охин байсан. Харин “Миний сахилгагүй залуу” киноны Амирлангийн дүр бол маш цайлган, гэгээлэг, үнэнч охины дүр байсан. Гурван өөр зан төрхтэй охидын дүр дээр ажилласан.

No description available.

-“Зүгээр л” дууг өөрөө зохиосон гэж сонссон. Үнэн үү?

-Дууны аяыг нь би бичсэн. Шүлгийг аав маань найз Ган-Очир гэдэг хүн бичсэн. Энэ хүний номыг уншиж байгаад шүлэг нь таалагдаад оюутан байхдаа зориулж аяыг нь зохиож байсан юм. Гэсэн киноныхоо дундуур дуулах болсон. Хүмүүст ч их таалагдсан юм шиг байна лээ.

-Хуримын даашинз өмсөхөд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Анх удаа хуримын даашинз өмсөж үзсэн. Үнэхээр сонирхолтой догдолсон мэдрэмж авдаг юм билээ. Надад мөсөн талбай дээр хуримаа хийнэ гэдэг нь маш гоё, содон байсан. Киноны маань нэг хэсэг мартагдашгүй сайхан дурсамжийг үлдээж чадсан.

No description available.

нхны кино санал ирэхэд яаж хүлээж авсан бэ?

-Хамгийн анх “Говийн домог” кинонд гол дүр бүтээсэн. Кино шалгаруулалт яаж явагддаг талаар мэдэж авч, туршлага хуримтлуулах зорилгоор кино проб өгсөн л дөө. Тэгсэн 7,8 пробны дараа тэнцсэн гэсэн хариу авсан. Өөрийгөө тэнцэнэ гэж бодоогүй. Дараа нь киноныхоо гол дүр дээр ажиллах болсноо мэдэж байлаа. Гоё л санагдсан.

No description available.

-Нэрнийхээ утгыг тайлбарлаач. Олон хүн сонирхдог байх?

-Дуучин Д.Жаргалсайханы хүүг Замилан гэдэг юм билээ. Тэрийг анх сонсчхоод аав маань ямар гоё нэр вэ гэж бодсон гэсэн. Тэгээд л намайг төрөхөд нөгөө бодсон гоё нэрээ хайрласан юм шиг байгаа юм. \инээв\ Замилан гэдэг нь хорвоо, ертөнц гэсэн утгатай.

-Багадаа ямар хүүхэд байсан бэ. Дурсамжаасаа хуваалцаач?

-Хүүхэд байх үеийнхээ бичлэгийг үзэхээр үнэхээр сахилгагүй, нүд нь эргэлдсэн зальтай ч юм шиг, сэргэлэн хүүхэд байсан байна лээ. Ямартай лангуун дээрх ширхгийн бохь харчхаад “-энэ бохь надад идүүлэх гээд л ингээд ганцаараа үлдчихсэн юм байна л даа” гэж хэлсэн гэсэн.\инээв\ Бас нэг өдөр цэцэрлэгтээ хүргүүлж байгаад орохгүй зогсчихсон гэсэн. Тэгээд хартал ардаа нэг жижигхэн гөлөг шилэн хүзүүн дээрээс нь тас атгачихсан энийг аваад гэртээ харья гэж хэлсэн гэсэн. Ер нь л гудамжинд байгаа амьтдыг дандаа гэр лүүгээ зөөдөг байсан.

-Олон төрлийн авьяастай юу?

-Мэргэжлийн хэмжээнд биш ч гэсэн дуулж, бүжиглэж чадна. Дунд ангидаа бие хамгаалах урлагаар хичээллэж байсан ч одоо түр завсардсан байгаа. Бусдаар ажилласан кинонуудаасаа маш их зүйл сурсан. Жишээлбэл, “Говийн домог” кинонд тоглохын тулд морь, сарлаг унаж, нум сум харваж сурсан. “Нарны садан” кинон дээр сэлж чадахгүй ч гэсэн усанд живж байгаа хэсэгт тоглох шаардлага гарсан. Ер нь л тоглосон кино, бүтээсэн дүр болгоноосоо их зүйл сурч байна.

No description available.

-Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Одоохондоо тодорхойгүй байгаа ч урлагаасаа холдохгүй ээ. Ахиад өөрийгөө сорих боломжтой, шинэ адал явдлыг надад өгч чадах тийм дүр дээр ажиллана.

-Яагаад гурван өөр мэргэжлээр сурах болсон бэ?

-Төгөлдөр хуур, жүжигчний мэргэжлийг сонирхлоороо сурч төгссөн. Маркетингийн мэргэжлийг бүх салбарт хэрэгтэй, аль ч салбар руу хөрвөх боломжтой учир хэрэгтэй байх гэдэг үүднээс сурч саяхан магистраа хамгаалсан. Гэхдээ магистрын зэрэг хамгаалсан ч гэсэн энэ мэргэжлийг бүрэн эзэмшсэн гэж хэлмээргүй байна. Сурах зүйл маш их байдаг юм билээ.

No description available.

Ээж болсон мэдрэмжээсээ хуваалцаач?

-Хамгийн гоё мөртлөө аймар мэдрэмж байсан. Хэвлийдээ хүүхдээ тээж байхдаа яг ээж болчихсон мэдрэмжийг авдаггүй юм билээ. Хүү минь төрөөд ээжийнхээ энгэрт анх удаа тэврүүлэх тэр үед л бүх зүйл бодит санагдаж, итгэсэн. Тухайн үед маш олон асуултууд толгойд эргэлдэж байсан. Би ээж болоход бэлэн юм болов уу, хүүхдээ сайн харж чадах болов уу, сайн ээж байж чадах болов уу гэх мэт. Эх хүн болсны дараа олон зүйлийг ойлгож ухаарсан, өөртэйгөө илүү танилцсан. Ээж болоод жинхэнэ амьдрал эхэлсэн. Тэрнээс өмнөх цаг хугацаа зүгээр хөвөлзөөд, урсаад л өнгөрчихсөн байсан. Миний хамгийн том бахархал бол миний хүү.-Баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

М.САЙНЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *