Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Энхмаа: Төр нь ажлаа хийхгүй, аргаа барсан иргэд Монголын залуучуудын холбоог эмнэлэг болгох санал гаргасан DNN.mn

МЗХ

“Энхрий үрс халуун сэтгэл” НҮТББ-ын тэргүүн ГССҮТ-ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч, Эрх зүйн магистрант О.Энхмаатай ярилцлаа.


-Түлэнхийн эмнэлгийн газар, ЭМЯ-ыг шаардах, төсөвт хөндлөнгийн хяналт тавих, хуулийн төслийн талаар гээд дөрвөн асуудлын талаар та өнгөрсөн баасан гаригт Төрийн ордны баруун хаалганаас мэдээлэл хийсэн. Яагаад эдгээр асуудлыг хөндөх болов?

-Түлэнхийн эмнэлгийн газрын асуудлыг хүмүүс сайн мэдэж байгаа байх. Дараагийн чухал асуудал бол Монгол Улс жилд 3 их наяд төгрөгийн санхүүжилт төсөвт зарцуулдаг хэрнээ эрүүл мэндийн болон бусад чухал салбаруудад бодит бүтээн байгуулалт хийж, ард түмнийхээ тулгамдсан асуудлыг шийдэхгүй байна. Ард түмэн нэн ядуу, улс орон хөгжихгүй байна. Иймээс бүх яамдын төсөвт хяналт тавьж ажиллахаар болсон. Худлаа үнэн мэдээлэл хийсэн болоод санхүүжилтийг нуун дарагдуулах, завших үзэгдэл даамжирч байгаа учраас авлигатай тэмцэх газраар уламжлуулсан. Дараагийн асуудал эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн онцгой бүсийг хамгаалах хуулийн хэлэлцүүлгийг төрийн ордонд хийхээр болж УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгт үүрэг болгож хуультай танилцсан. Энэ хуулийг хэрэгжих сургаар нэр бүхий гишүүд ёс зүйгүй авирлаж өөрсдөө санаачилсан мэтээр төстэй хуулийн төсөл батлуулахаар зүтгүүлсэн. Тийм болохоор өнгөрсөн баасан гаригийн шаардлагадаа энэ асуудалд их ач холбогдол өгсөн. Засгийн газарт ч ажлаа яаралтай хий гэдэг шаардлага хүргүүлсэн.

-Хуулийн үндэслэл юу вэ?

-Улаанбаатарын хэмжээнд 995 сургууль, цэцэрлэг байна. Эдгээрт хяналт тавих нэн шаардлагатай. Олон улсын харьцуулсан эрх зүйн багш маань тусалж байгаа. Улаанбаатарын хэмжээнд байгаа бүх эмнэлгийн 40-60 хувийн газар нь хулгайлагдчихсан, менежмэнтийн хувьчлалд орох гээд байна. Жишээлбэл, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Арьс өнгөний үндэсний төв гэх мэт. Далдуур энэ ажил явагдаад байна. Энэ бүхнийг базаж шийдэх гаргалгаа нь энэ хууль болох гээд байгаа юм.

-Санхүүжилтийг яаж зохицуулж байна?

-Хууль боловсруулахад мэдээж маш их хэмжээний төсөв хэрэгтэй. Тиймээс ирэх сарын 19-ны өдөр “UB palace”-д тоглолт зохион байгуулах гэж байгаа. Тоглолтын ашгийн 10 хувийг хуулийн багт, 10 хувийг Монголын 900 мянган хүүхдийн боловсролд хөрөнгө оруулна.

-Монголын 900 мянган хүүхдэд ямар хөрөнгө оруулах гэж байна?

-Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатартай хамтарч оюуны спортыг үе шаттайгаар хөгжүүлэх хөтөлбөрийг 2022 оны намраас сургалтын хөтөлбөрт оруулахаар болсон. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дэмжсэн. Тиймээс тоглолтын ашгийн 10 хувийг сургалтын хөтөлбөрт оюуны спортыг оруулахад зарцуулна. Монголын оюун ухааны академийн сурагчид геннисийн амжилтыг тогтоож байна. Манай улс энэ капиталын үндсэн хөрс нь мөртлөө ашиглаж чаддаггүй. Үүнийг сургалтын хөтөлбөрт оруулснаар Монгол Улсын бүх аймаг, сумд, дүүргийн сурагчид үнэ төлбөргүй оюуны спортоор хичээллэх, өөрийгөө хөгжүүлэх боломжтой.

-Улсын эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилга он дамжиж царцдаг. Гэтэл хуулийн байгууллага, хороо дүүргийн оффис зундаа л босчихдог шүү дээ. Энэ тухай…

-Энэ асуудал мөн л санаачилж буй хуульд хамаатай. Хуулийг боловсруулахын тулд 995 сургууль, цэцэрлэгт анализ хийж газрыг нь яаж хувьд завшсан байна. Яагаад сургууль, цэцэрлэг нэмэгдэж баригдахгүй төсөв шамшигдаад байгаа юм бэ гэдгийг хянана. Сэтгэлгүй дарга нар төсвийг замбараагүй зарцуулж, ард түмний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодолгүй байна.

-Иргэдийн дунд Монголын залуучуудын холбооны байрыг хүүхдийН эмнэлэг болгоё гэсэн санал гарсан. Та ямар бодолтой байна?

-Онцгой объектууд нь ард түмэндээ үйлчилж чадахгүй, ард түмэнд нээлттэй байлгах ёстой УИХ нь ажлаа хийхгүй, аргаа барсан иргэд ийм санал гаргасан. Монголын залуучуудын холбооны байрыг хүүхдийн эмнэлэг болгох нь зөв гэж бодож байна. Тэд ямар эрхтэйдээ тэр том талбайг эзэмшээд, юу хийж бүтээдэгтээ тэнд байгаа юм. Монгол ардын намын байр ч гэсэн улсын төсвөөр л баригдсан байгаа. Юу хийж, яаж ард түмэндээ үйлчилдэг гэж асар их хэмжээний төсвийг идэж ууж, өөрсдийн суух байраа бэлтгээд байгаа юм бэ. Жишээлбэл, 2.6 их наяд төгрөгийн төсөв гэдэг чинь ойрын үед батлагдаагүй их хэмжээний төсөв. Энэ их төсвөөр ард түмэндээ шаардлагатай дэд бүтцийг тавих хэрэгтэй. Гэр хороололд сургууль, цэцэрлэг, хувийн орон сууц гэх мэт амин хэрэгцээний зүйлсэд ард түмэн санаа зовох ёсгүй. Гэтэл ямар ч чадамжгүй, бодлого хэрэгжүүлэх чадваргүй, улс орныг хөгжүүлэх ухаангүй хүмүүсийг сонгочихоод өөрсдөө зовж байна. Тиймээс ард түмэн төлөөллөө зөв сонгох хэрэгтэй.

-Нэгэнт хийчихсэн сонголт, таны хувьд цаашид яавал дээр гэж харж байна?

-Төсвийн хөрөнгийг зөв зарцуулахгүй байна. Тиймээс 2022 оныг бүх яамдын төсөвт хөндлөнгийн хяналт тавьж, ард түмний төлөөөлөл, хянан шалгах хороо, магадгүй ард түмэн дэмжих юм бол сүүдрийн засгийн газрыг сайн дураараа байгуулж ард түмнээ түүчээлж ажиллах бодолтой байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *