Швейцарийн ерөнхийлөгч Игназио Кассис Оросын эсрэг олон улсын хориг арга хэмжээнд нэгдэж буйгаа илэрхийлэв. Гэхдээ хориг арга хэмжээ авснаар уламжлалт төвийг сахисан байр сууриа өөрчлөхгүй гэжээ. Игназио Кассис болон Японы ерөнхий сайд Фүмио Кишида нар Токиод хэлэлцээ хийх үеэр “Украины гэмгүй иргэдэд халдсан хариуцлагаа Орос улс хүлээх ёстой” гэдэг дээр санал нэгдсэн байна. Уулзалтын үеэр Кишида “Оросын түрэмгийлэл Европ төдийгүй Ази тивд олон улсын дэг журмыг үгүй хийж байна.
Одоо олон улс урьд өмнөхөөсөө илүү нэгдэх цаг ирлээ” гэж онцолжээ.Игназио Кассис нь Гадаад хэргийн сайд бөгөөд тус улсын хуулийн дагуу хоёр жилийн хугацаагаар сайдууд ээлжлэн ерөнхийлөгчийн үүргийг давхар гүйцэтгэдэг ёстой юм. Тэрбээр Швейцарь улс дайныг эрс буруушааж байгааг илэрхийлэв. Швейцарь улс Европын холбоонд харьяалагддаггүй ч ОХУ-ын эсрэг тус холбооны хориг арга хэмжээг бүрэн дэмжиж байгаа. Иймээс ч өнгөрсөн долоо хоногт тав дахь хориг арга хэмжээгээ хэрэгжүүлжээ.Тав дахь хориг арга хэмжээ нь ОХУ-ын худалдаа, санхүү, тээврийн салбарыг онилж байгаа аж. ОХУ-ын орлогын чухал эх үүсвэр болдог нүүрс, мод, цемент, далайн бүтээгдэхүүн, архи гэх мэт бараа, бүтээгдэхүүний импорт болон керосин тэргүүтэй зарим зүйлийн экспортыг хоригложээ.
Мөн зарим төрлийн химийн бодис болон үйлдвэрлэлийн роботууд үүнд багтаж байна. Харин санхүүгийн хязгаарлалтын хүрээнд Оросын компаниудыг төрийн худалдан авалтад оролцох, Оросын төрийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэхийг хоригложээ.Худалдаа болон санхүүгийн салбарын хориг арга хэмжээний хувьд Швейцарь улс Европын холбоотой нэгдэж байгаа боловч газарзүйн байршлаас хамаараад тээврийн хоригийг хэрэгжүүлэхгүй юм байна. Тээврийн салбарт чиглэсэн Европын холбооны шинэ арга хэмжээнд Орос, Беларусийн авто тээврийн компаниудыг Европын холбооны бүс нутагт авто замаар ачаа тээвэрлэхийг хориглосон.
Мөн Оросын хөлөг онгоцуудыг тус бүсийн боомтуудад нэвтрэхийг хориглов. Япон улс ч мөн адил АНУ, Европын холбоотой нэгдэн Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан. Тус улс Оросын олон зуун хувь хүн, компанийн хөрөнгийг битүүмжилж, шинэ хөрөнгө оруулалт, худалдаа, тэр дундаа цэргийн зориулалтаар ашиглаж болох бараа, бүтээгдэхүүний экспортыг хоригложээ. Түүнчлэн Оросын нүүрсний импортыг үе шаттайгаар зогсоох төлөвлөгөөгөө зарласан байна.
Москвагийн эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээний хүрээнд нийт 38 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнд импортын хориг тавьсан. Эдгээр нь ойролцоогоор 16 тэрбум йенээр үнэлэгдэх бөгөөд Японы импортын 1.1 хувийг эзэлж буй юм.