Орос улс Сармат нэртэй тив алгасах баллистик пуужинг амжилттай туршсан тухай тус улсын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр зарлажээ.
Сармат бол Кинжал, Авангард зэрэг Оросын зохион бүтээсэн шинэ үеийн пуужингуудын нэг юм.
Өнгөрсөн сард тус улс Кинжал пуужинг анх удаа тулаанд ашиглаж, Украины цэргийн байгууламжид цохилт өгч байв.
“Тив алгасах Сармат баллистик пуужинг амжилттай туршсан явдалд би та бүхэнд баяр хүргэж байна” гэж Путин өчигдөр зэвсэгт хүчиндээ хандаж телевизээр хэлжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Энэхүү өвөрмөц зэвсэг нь манай зэвсэгт хүчний байлдааны чадавхыг бэхжүүлж, гаднын аюул заналаас Орос улсыг найдвартай хамгаалж, манай улсыг түрэмгий үг хэллэгээрээ сүрдүүлж буй этгээдүүдэд дахин бодож тунгаах шалтаг болох юм” гэсэн байна.
Сармат пуужинг Оросын умард хязгаарын Плесецк агаарын баазаас харвасныг тус улсын батлан хамгаалах яам мэдээлжээ.
Туршилтын пуужин нь сургуулилалтын зориулалттай цэнэгт хошууг Алс Дорнодын Камчаткийн хойг дахь байнд хүргэсэн гэнэ.
“Сармат бол хамгийн алсад цохилт өгөх чадвартай дэлхийн хамгийн хүчтэй пуужин юм. Ийм зэвсэгтэй болсноор манай улсын стратегийн цөмийн зэвсэглэлийн хүчин чадал үлэмж хэмжээгээр нэмэгдэж байна” гэж ОХУ-ын батлан хамгаалах яам мэдэгджээ.
Сарматын харвах үе шат богино хугацаанд хэрэгждэг тул дайсны хамгаалалтын системийн хариу арга хэмжээ авах боломжийг багасгадаг гэнэ.
200 гаруй тонн жинтэй, олон цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай Сарматыг дэлхийн бөмбөрцгийн аль ч цэгт цохилт өгөх чадвартай гэж Путин магтжээ.
Оросын тал пуужингийн туршилтынхаа талаар урьдчилж мэдэгдсэн, туршилт АНУ-д аюул занал учруулаагүйг Пентагон өчигдөр мэдэгдсэн байна. Сармат пуужинг зохион бүтээх ажил олон жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн тул туршилтыг гэнэтийн зүйл биш, ердийн төлөвлөгөөт арга хэмжээ гэж Пентагоны мэргэжилтнүүд дүгнэжээ.
Эх сурвалж: AFP