Сүүлийн саруудад зах, бөөний төвүүдэд худалдаалагдаж буй махны үнэ өссөөр байгаа билээ. Тэгвэл “Бөмбөгөр” худалдааны төвд махны нийлүүлэлт, үнэ тогтвортой байгаа эсэхийг сурвалжлахаар тус захыг зорилоо. Үйлчлүүлэгч цөөнтэй, лангууны дэргэдүүр өнгөрөх бүрд “Мах дуусах гэж байгаа учраас хямдруулаад өгнө шүү” хэмээн уриалагхан дуудах худалдагч олон таарав.
“Бөмбөгөр” худалдааны төвийн махны тасагт хонины цул мах нэг килограмм нь 13000, хонины ястай мах 11000, үхрийн ястай мах 13000, үхрийн цул мах 16000, адууны ястай мах 13000 мянган төгрөгөөр тус тус зарагдаж байна.
Хонины элэг -1 ширхэг нь 2000 төгрөг
Үхрийн элэг -1кг 4000 төгрөг
Хонины толгой шийр- 4500 төгрөгөөр борлуулагдаж байна
Махны үнэ өссөнөөр орлогогүй иргэдийг бухимдуулж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн амьдрал хэвээр үргэлжилсээр. Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд, хувийн хэвшлийнхэн болон төрд ч, хувьд ч дансгүй ажилгүй иргэд, өндөр настнууд туйлдаж, тартагтаа тулдаг гэхэд буруудахгүй. Худалдагчид махны үнэ буухгүй байгааг махны нийлүүлэлт бага байгаатай холбон тайлбарлаж байсан юм.
ЗАРИМ ИРГЭД МАХАА ГРАММЛАЖ АВЧ БАЙНА
“Бөмбөгөр” худалдааны төвийн махны тасгийн худалдагчид хэлэхдээ:“Махны борлуулалт их муу байна. Хүмүүс мах их хэмжээгээр авахаа больсон. 200-500 граммаар авч байна. Цаашдаа махны үнэ одоо байгаагаасаа буухгүй байх.
Цар тахал дэгдэхээс өмнө ченжүүдээс 8500-9000 төгрөгөөр авдаг байсан. Харин одоо үхрийн нойтон махны бөөний үнэ 12000 төгрөгөөс буурахгүй байна. Өнөөдөр 140 кг махтай байснаас 20кг нь зарсан. Ерөнхийдөө иргэдийн худалдан авах чадвар маш муудсан. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж буухаар нэг оволзоод, маргаашнаас нь хүнгүй хоосон болох жишээний. Өмнө цаг сайхан байхад өдөрт 10 кг мах авдаг хүн байлаа. Одоо бол мах граммлуулж авдаг болсон” гэв
ХОНИНЫ ГУЛУУЗ МАХ 330 МЯНГАН ТӨГРӨГ ЭНЭ БОЛ ДООД ҮНЭ ГЭВ
Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул нэг килограмм махны дундаж үнэ өнгөрсөн гуравдугаар сард 16354 төгрөг болж, өмнөх сараас 1.6 хувь буюу 254 төгрөгөөр өссөн бол үхрийн ястай нэг килограмм махны дундаж үнэ 14255 төгрөг болж өмнөх сараас 1.8 хувь буюу 257 төгрөгөөр өссөн байна.
Харин хонины ястай нэг килограмм махны дундаж үнэ гуравдугаар сард 12585 төгрөг болж өмнөх сараас 5.4 хувь буюу 646 төгрөгөөр нэмэгджээ
Хоёр сарын өмнө 11500 төгрөгийн үнэтэй байсан хонины цул мах өнөөдрийн байдлаар 13000 төгрөгт хүрээд байна. долоо хоног бүр махны үнэ төрлөөсөө хамаарч 100-125 төгрөгөөр нэмэгддэг байна.
ЭНЭ ЖИЛ НӨӨЦИЙН МАХНЫ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 23 аж ахуйн нэгж нийт 12.6 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ. Өргөтгөсөн худалдаа 4, 5, 6 дугаар саруудад үргэлжилнэ.
Дээрх цэгүүдэд
- Үхрийн ястай мах 1кг 8900 төгрөг
- Хониных 1к 8300 төгрөг
- Ямааных 1кг 7100 төграгөөр есөн дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалагдаж байна. 2021 онд нөөцийн үхрийн мах 7700, хонь 6700, ямаа 6200 төгрөгөөр худалдаалагдаж байв. Энэ жил нөөцийн махны үнэ нэмэгджээ. Нөөцийн махны үнийг Засгийн газраас тогтоодог.
Д.Баттогтох