Categories
мэдээ улс-төр

НДШ-ийн 50 хувийг буцаан олгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар тогтов.

Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийг дагалдуулж Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад дагалдах хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Төсвийн зохицуулалтын арга хэмжээг төлөвлөхөд дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал Монгол Улсын эдийн засаг, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, мөн залуучуудын жагсаалын үеэр тавьсан санал, шаардлагатай уялдуулан төрийн хэмнэлтийг мөрдүүлэх, хүнсний хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлогыг хамгаалах болон бусад бусад нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэх хүрээнд боломжит бүхий л арга хэмжээг авч үзэж байна.
  • Төрийн хэмнэлтийн тухай хууль нь төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөх хязгаарлалтуудыг хуульчлан тогтоож өгсөн
  • Гадаад нөхцөл байдлаас шалтгаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлттэй байгаа энэ цаг үед төрийн хэмнэлтийн хүрээнд бий болсон зардлыг иргэдийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээнд зарцуулна.
  • Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих төсвийн бодлогыг үе шаттай хэрэгжүүлнэ.
  • Шинэ сэргэлтийн бодлогод заасан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулах, төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг хэрэгжүүлнэ.

Эдгээр нэгдсэн арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 245.3 тэрбум төгрөгөөр буурч, 15.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага мөн 245.3 тэрбум төгрөгөөр буурч 17.9 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээ 2.4 их наяд төгрөг буюу өмнөх батлагдсан түвшинд байхаар байна.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *