Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн банк: 2022 онд төсвийн алдагдал нэмэгдэнэ DNN.mn

Дэлxийн Банкнаас жил бүр эрxлэн гаргадаг Монголын эдийн засгийн тайланг танилцууллаа.

Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану “Нийлүүлэлтийн талаас эхэлж тайлбарлая. Нийлүүлэлтийн тухайд цар тахлаас шалтгаалж зарим нэг хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор 2021 онд уул уурхайн салбар хүлээлтэд хүрээгүй. Эрэлтийн тухайд өрхийн хэрэглээ улам бүр хумигдсан. Өрхийн хэрэглээ буурсан нь нийт хэрэглээ болоод эрэлтийг багасгаж байна. 2021 онд бодит экспорт буурсан. Үүнээс үүдээд дотоодын нийт бүтээгдэхүүний 14 хувьд хүртлээ нүүрсний нөөц хуримтлагдсан. Бодит хөрөнгө оруулалт биш нүүрсний нөөц нэмэгдсэнтэй холбоотойгоор өсөлт бий болжээ. Цаашилбал, өрхүүд хүнсэнд зориулах зардлаа хадгалахын тулд бусад төрлийн зардлаа үлэмж хэмжээгээр танажээ. Мөн өрхийн хуримтлал ч буурсан. Дундаж болоод өндөр орлоготой өрхүүд энэ хугацаанд хуримтлал, хадгаламжаа өсгөсөн байна. Харин бага орлоготой өрхүүдийн хувьд хүнсний хэрэглээ үлэмж хэмжээгээр нэмэгджээ.

Хөдөлмөрийн зах зээлийн тухайд 2021 оны эхээр үйлчилгээний салбар цохилтод маш ихээр нэрвэгдсэн. Ажлын байр хорогдсон ч хязгаарлалт сулрахын хэрээр хөдөлмөрийн зах зээл сэргэж эхэлсэн. Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөр ажлын байрыг хадгалахад үр дүнтэй байсан юм. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй бол ажлын байр маш ихээр хорогдох байсан. Хөтөлбөрийн үр дүнд 160-238 мянган ажлын байрыг хадгалжээ.

Хүнсний үнэ өнөөдөр инфляцыг хөөрөгдөж буй хамгийн гол хүчин зүйл болж байна. Энэ нь импортын хүнсний барааны үнэтэй холбоотой. Үйлдвэрлэлийн өртөг зардал нэмэгдлээ. Ингэхээр уул уурхайн бус үйлдвэрлэгчид өртөг зардлаа хэрэглэгч рүү шилжүүлж байна. Үүнийг эцсийн хэрэглэгч нуруундаа үүрдэг. Энэ нь инфляцад нөлөөлсөн томоохон хүчин зүйл юм.

Төв банкнаас саяхан бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн. Монгол Улсын бодит хүүний түвшин сөрөг байна. Төсвийн бодлогын тухайд нийгмийн халамжийн зардал давамгайлж байсан. Түүхий эдийн үнэ нэмэгдсэн мөн Оюу толгойн татварын өрийг барагдуулсантай холбоотойгоор 2021 онд төсвийн орлого нэмэгдсэн. Үүний үр дүнд 2021 оны байдлаар төсвийн алдагдал буурсан. Гэхдээ 2022 онд төсвийн алдагдал нэмэгдэх төлөвтэй байна.

2023 онд дуусгавар болох гадаад бондын өр төлбөртэй холбоотой төсвийн дарамт их байх төлөв ажиглагдаж байна.

Урд хил хаалттай одоогийн нөхцөл байдал урсгал тэнцэл, төлбөрийн балансд сөргөөр нөлөөлж байна. Мөн импортын өртөг нэмэгдсэнээр төгрөгийн балансын нөхцөл байдал муудах төлөвтэй. Монголбанкны гадаад валютын интервенц оны сүүлийн хагасаас эрчимжсэн. Валютын нөөц буурч, гурван долоо хоногийн импортыг нөхөх нөөцтэй болсон байна. Бодит ханш буурсан нь эдийн засгийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж буй.

Засгийн газрын дэмжлэг банкны зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлсэн. Үүний зэрэгцээгээр банкны зохистой харьцаа өөрчлөгдөж байна. Эрсдэлтэй зээлийн нийт зээлд эзлэх харьцаа буурч байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *