АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден засаг захиргааныхаа гол албан тушаалуудад нэр дэвшигчдийг зарласан юм. Үүн дотор АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Ричард Ли Буанган гэгч эрхэм нэр дэвшсэн талаар Цагаан ордноос мэдээллээ.
Ричард Ли Буанган нь Гадаад харилцааны албаны ахлах ажилтан, Сайд-зөвлөх зэрэгтэй. Өдгөө Төрийн департаментын Олон нийттэй харилцах товчооны Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын орлогчоор ажиллаж буй юм.
Үүнээс өмнө тэрбээр Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн товчооны дэд нарийн бичгийн даргын туслах, Төрийн нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж байжээ.
Израиль улсын Иерусалим дахь Олон нийттэй харилцах албаны дарга, дараа нь БНХАУ-ын Бээжин хот дахь АНУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн дэд атташе, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай аж.
Ричард Ли Буанган Техас мужийн Остин дахь Сент Эдвардын их сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан. Тэрбээр хятад, франц, испани хэлээр ярьдаг.