Categories
мэдээ нийгэм

“Үнэт өв, үндэсний дархлаа-Эх хэл минь” аян өрнүүлнэ



2022-04-18 17:13:48

Ховд /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд “Үнэт өв, үндэсний дархлаа-Эх хэл минь” сэдэвт аяныг Ховд аймагт зохион байгуулна.

Ховдынхон үндэсний бичиг, өв соёл, түүхийг өвлөн эзэмших, олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор “Монгол хэл, бичиг” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд дээрх аяныг тавдугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд өрнүүлэх бөгөөд аймгийн ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллежийн суралцагчид болон албан байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдыг оролцуулахаар төлөвлөжээ.

Хэлний бодлогын салбар зөвлөл, Боловсрол шинжлэх ухааны газар, Соёл урлагийн газар, Нийтийн номын сангаас “Үнэт өв, үндэсний дархлаа-Эх хэл минь” аяны хүрээнд 10 гаруй ажил хийхээр тусгай төлөвлөгөө, удирдамж гаргасан байна.

Тодруулбал, “Өвлөн дээдлэх үндэсний бичиг минь” сурах, судлахын ач холбогдлыг таниулах лекц, уйгаржин монгол бичиг, тод бичгийн номын үзэсгэлэн гаргах, “Үндэсний бичиг өв соёлоороо бахархъя” цахим уриалга түгээх, төрийн албаны шалгалтад оролцогчдод монгол хэл, бичгийн сургалт зохион байгуулах, уран бичлэгийн уралдаан болон “Монгол бичгийн сайхан бичигтэн-2022” уралдаан, “Монгол бичгийн тэргүүний уншигч-2022” уралдаан, тэмцээн зэрэг олон үйл ажиллагааг хуваарийн дагуу хэрэгжүүлэх юм.

Дээрх аяны үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өнөөдөр “Ховд аймаг Нийтийн номын сан” цахим хуудсаар дамжуулан иргэдэд танилцууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *