Categories
мэдээ нийгэм

DNN-ЯРИЛЦЛАГА: Ц.Зориглон: Монголд гэрийн тэжээвэр амьтны тухай хууль байдаггүй || DNN.mn

Дуртай нь үржүүлж хаядаг, хайхрамжгүй нь дайраад өнгөрдөг, хайргүй нь өшиглөөд явуулдаг, мөнгөтэй нь хүүхдээ зугаацуулдаг энэ бүхний золиос бол амьтан. Амьтны эрх асар ихээр зөрчигддөг манай улсад гэрийн тэжээвэр амьтны тухай хууль хэрэгтэй юу?

Энэ талаар “Азтай савар” ТББ-ын ТУЗ-ийн дарга Ц.Зориглонтой ярилцлаа.

-Сайн байна уу. “Азтай савар” ТББ-ын үйл ажиллагааны талаар танилцуулаач?

-Сайн байна уу. “Азтай савар” ТББ-ыг анх Төрийн соёрхолт, зураач С.Саранцацралт, анхны хөтөч нохой эзэмшигч Э.Уянга нар 2014 онд гудамжны нохой муурыг аврах зорилготойгоор үүсгэн байгуулж байсан. Тэр жилээ Төв аймгийн Өлзийт хороонд хашаа, байшин түрээслээд 60-70 гөлөг аварч байлаа. Гэсэн тэр жил Улаанбаатар хотод 200 мянган золбин нохой, муур байна гэсэн судалгаа гарсан. Тийм байхад бид нар 60-70 амьтан аварч яг яах юм бэ? Илүү дорвитой хөдөлж, өшөө олон амьтдыг аврах хэрэгтэй гэж үзсэн учраас аварсан хэдэн гөлгөө эзэнтэй болгож явуулаад судалгаа хийж эхэлсэн. Тэгээд үр дүнтэй шийдэл бол спэй заслага гэдгийг мэдэж, олонд таниулах тал дээр түлхүү ажилласан.

-2014 оноос хойш 8 жилийн хугацаанд хэдэн амьтан аварсан бэ?

-Маш олон амьтан аварсан. Тоогоо алдсан. Жилдээ “Азтай савар амьтанд хайртай залуус” ТББ грүпээр дамжаад манай байгууллагын туслалцааг авсан 300 гаруй амьтан байдаг. Харин санхүүгийн боломжоосоо хамаарч 300-500 амьтныг спэй заслагад оруулдаг.

-Спэй заслагын ажил нь одоо хэр үр дүнд хүрэв?

-2014 оноос хойш спэй заслагыг сурталчилж, хүчтэй дуугарч эхэлсэн ч хүссэн шиг үр дүнд хүрэхгүй байна. Гадуур эзэнгүй амьтад байсаар л байна. Тиймээс энийг хууль эрх зүйн зохицуулалттай болгох хэрэгтэйг ойлгож, 2020 оноос эхлэн судалж ажиллаж эхлээд энэ жилийн хаврын чуулганаар Б.Энхбаяр гишүүнээр санал оруулах гэж байна. Монголд Амьтны тухай хууль байгаа ч гэрийн тэжээвэр амьтны тухай хууль байдаггүй.

No description available.

Бидний гол зорилго хууль эрх зүйн зохицуулалт. Тэрнээс өнөөдөр нэг гөлөг аврах, 30 гөлөг аврах бол чухал биш. Нийтэд нь аврахын тулд тэдэнд хэрэгтэй хуулийг бий болгож өгмөөр байна.

-Энэ хууль батлагдвал, яг ямар асуудлууд шийдэгдэнэ гэж харж байна?

-Энэ бол нийгмийн маш том асуудал. Зөвхөн амьтанд хайртай хүний асуудал биш. Иргэдийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин бүгд хөндөгдөнө.

Нэгт, зөвхөн Улаанбаатар хотод 80-100 мянган нохойг буудаж хогийн цэг дээр булдаг. Тэнд ямар ч өвчтэй нохой, буудуулсан байж болно. Тэр сэг зэм ялзарч , өмхийрч байгаа. Харин бид тэр агаараар амьсгалж байна. Энэ нь бидний эрүүл мэндтэй холбоотой. 2015 оны Нийслэлийн удирдлагуудын 500 сая төгрөгөөр барьсан нохой шатаадаг зуух одоо огт ажиллахгүй балгас болчихсон.

Хоёрт, нохойд хазуулсан хүмүүсийн 90 гаруй хувь нь эзэнтэй нохойд хазуулсан байдаг. Яагаад гэхээр эзэд нь хашаа хороогоо битүүлдэггүй, догширтол нь уяанд удаан байлгаж, буруу хүмүүжүүлсэн байдаг. Энийг хуулиар нь шийдээд өгвөл эзний хариуцлага чангарч, хүүхэд хөгшид гудамжны нохойноос айх айдасгүй болох юм.

Нохой, муурын асуудал гэдэг чинь амьтны эрх гэхээсээ илүү эзний хариуцлага

Гуравт, Нохой устгал гэх нэрийн дор бага насны хүүхдүүдийн нүдэн дээр буудаж, савж алах үзэгдэл гарахгүй. Энэ бол 21-р зуунд байж болохгүй үзэгдэл.

Дөрөвт, зах замбараагүй үржүүлж зарах, гэр хороололд нохой тэжээж байгаад нүүхдээ буурин дээрээ орхиж явах, хүүхдийн тоглоомын талбай дээр нохойгоо баалгачхаад авалгүй явах гэх мэт нарийвчлан яривал олон асуудал байна. Энэ бүгдийг хуулиар нь шийдэж өгч, тэжээж байгаа эзэнд нь хариуцлага тооцож, нийгмээ аврах хэрэгтэй байгаа юм.

-Иргэд та бүхний ажиллаж байгаа хуулийн талаар хэр их мэдээлэлтэй байгаа вэ?

Амьтанд хайртай, сонирхдог хүмүүс энэ талаарх мэдээллийг авчихсан байна лээ. Дийлэнх хүмүүс дэмжиж, ам сайтай байгаа.

-Нохой буудлагын талаар эвгүй сэтгэгдэл төрүүлэхүйц олон бичлэг цахим орчноор тархсан. Тэр талаар та юу гэж боддог вэ?

-Нохой устгалын хүмүүст буруу өгөх бас хэцүү. Тэр хүмүүс ажлаа л хийж байгаа. Жишээ нь, хог хаяад араас нь хүмүүс цэвэрлээд явдаг шүү дээ. Хэрвээ хог хаяхаа больчихвол тэр хүмүүс цэвэрлэх шаардлагагүй болно. Тэрэн шиг үржүүлж хаяхгүй байвал нохой буудлага байхгүй болно. Тэгэхээр анхнаас нь спэй заслага хийлгэх хэрэгтэй.

No description available.

-Ер нь энэ бүх асуудлууд зах замраагүй үржүүлгийг зогсоож байж шат дараатайгаар цэгцрэх юм байна. Тийм үү?

-Тийм. Нохой зодооныг нь хуулиар хориглоод, үржүүлгийг хуулиар нь хорих хэрэгтэй. Харин үржүүлгийн газар нь тусгай зөвшөөрөлтэй, нохой, муураа зарсан бол татвараа төлдөг. Тусгай зөвшөөрлийг нь хэн дуртай нь авдаг биш, хатуу шалгуураар өгдөг. Ийм л байх хэрэгтэй. Тэрнээс бол танай муур эр юм байна, манайх эм нийлүүлчих үү гээд л нийлүүлчихдэг байж болохгүй.

-Томчуул нь өөрсдөө сайн асарч, тэжээж чадахгүй байж хүүхдээ эрхлүүлж амьтан авч өгдөг. Энийг юу гэж боддог вэ?

-Нэг жишээ хэлье. Би гадаадад хүнээс нохой худалдаж авах гэж байхад надаас судалгаа авч байсан. Энэ амьтанд хэр цаг зарцуулж чадах вэ гэдгийг маань шалгаж байна шүү дээ. Тийм л байх хэрэгтэй. Гэхдээ одоо бас харьцангуй энэ соёлд суралцаж байна лээ. Нөгөөтээгүүр нохой муур тансаг хэрэглээ байх ёстой. Дурын хүн худалдаж авч чадахааргүй тийм хэмжээнд үнийг нь барих хэрэгтэй. Хууль гараад ирвэл шахалтад ороод зөвшөөрөл авах, татвараа төлөх гэх мэт шаардлага нь өсөөд ирэхээр дагаад амьтны үнэ өснө. Тэгэхээр хэн дуртай нь ирээд аваад байж чадахгүй байх болов уу. Ер нь хүүхдийн тоглоом, зуны зугаа нь байх ёсгүй. Үнэтэй байх хэрэгтэй. Үнэгүй авмаар байгаа бол гудамжнаас үрчлээд ав.

-Амьтан үрчилж авч байгаа ч үүлдэр харж, сонгож шилж авах сонирхолтой байдаг уу?

-Үүлдэр харж авдаг хүмүүс тухайн үүлдрийнхээ амьтны онцлогийг судлаагүй байдаг. Тэгчхээд ёстой сахилгагүй, үгэнд ордоггүй гэж хэлдэг. Жишээлбэл, спанил, бигли үүлдрийн нохой чинь ангийн нохой, хаски бол чарганы нохой. Тэгэхэд гэрт, байранд 4 ханан дунд хийчхээд дараа нь аягүй сахилгагүй нохой байна гэдэг. Тэр чинь асар их энергитэй, ой дунд ан хайгаад гүйж байх ёстой амьтан шүү дээ. Одоо гэхдээ юм мэддэг, ухаантай залуучууд үүлдэр харж авахаа больсон байна. Гудамжнаас олдсон, нохой муурыг авч тэжээж байгаа тохиолдол их анзаарагдах болсон. Тэр нь ч тухайн хүнд гоё мэдрэмж төрүүлдэг байх. Амьтан аварч байна гэдэг утгаараа.

No description available.

-Удахгүй нохой зодоон болох юм билээ. Эр бярыг нь үзэж зодолдуулж байна гэдэг энэ нь зөв үү?

-Ийм заваан юм байдаг. Хуулиар болно, болохгүй гэсэн заалт байхгүй учир болно гэдэгтээ орчхож байгаа юм л даа. Зодолдуулж байгаа хүмүүс нь их тэнэг юм ярина. Ингэж зодолдуулж эр бярыг нь үзэх хэрэгтэй. Тэгж байж хонь мал, хашаа хороогоо хамгаалдаг болдог гэдэг. Харин ч зодолдоод сурчихсан нохой хүн рүү дайрахаа больчихсон байдаг. Хашааных нь хаалгаар хулгайч орж ирж байхад цаашаа зодолдох нохой хайгаад зөрөөд гараад явчихдаг. Юун гэрээ хамгаалах. \инээв\

-“Азтай савар” ТББ-ын үйл ажиллагаа зогсонги байдалтай байна уу?

-Үгүй. Хэвийн идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хууль дээрээ түлхүү анхаарч ажиллаж байгаа болохоор хүмүүс зогсонги байдалтай байгаа гэж хараад байх шиг байна.

М.САЙНЗАЯА


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *