Categories
мэдээ нийгэм

Б.Батцэцэг: АНУ-тай лаборатори байгуулах талаар яриагүй DNN.mn

АНУ-ын санхүүжилтээр Монгол Улсад биолаборатори байгуулах гэж буй талаар ОХУ-ын хэвлэлүүд мэдээлж буй. Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас уг мэдээллийг үгүйсгэж, АНУ-тай лаборатори байгуулах талаар яригдаагүй, яриа хэлэлцээ огт хийгдээгүйг мэдэгдээд байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын бүлгийн гишүүдэд танилцуулж, бүгд нэг ойлголттой болсныг хэлж байна.

– АНУ онц аюултай эмгэг үүсгэгчдийг судлахаар Монгол Улсын Зоонозын өвчин судлалын үндэсний төвд биолаборатори байгуулахаар зэхэж буй талаар мэдээлэл түгж байна?

-ОХУ-ын Известия сонин энэ тухай дөрвөн удаа нийтлэгдсэн, анхны эх сурвалж нь судлаач, эрдэмтэн хүн байгаа. Үүний дараа Хятадын хэвлэлээр гарсан. Олон улсын хэвлэлээр гарч байгаа энэ мэдээллүүд үнэн бодит байдалд нийцэхгүй. Дэлхийн геополитик, гео эдийн засгийн нөхцөл маш хүнд байна. Хардах эрх хэнд ч байдаг. Бүхий л улс оронд коронавирустай холбоотой халдвар, тархалт, вирустай холбоотой хамтын ажиллагаа идэвхжсэн.

Манай улсын бодлогод эргэлзэх асуудал байхгүй. Монгол Улсын гадаад харилцаа нээлттэй, олон тулгуур, энхийг эрхэмлэсэн зарчмаа маш сайн баримталж ажиллаж байгаа.

-Мэдээллийн мөрөөр манай талаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?

Энэ өдрүүдэд Монгол Улсын бүхий л байгууллагууд өөрсдийнхөө хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, судалгааг нарийвчлан гаргаж, нягтлах ажлуудыг хийлээ. Ерөнхийлөгчийн зүгээс холбогдох байгууллагууд мэдээллээ нэгтгэж, ҮАБЗ-д сонсгол хийх үүргийг өнөөдөр өглөө.

-Яагаад ийм мэдээлэл гарах болов?

-Зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш дэлхий даяар хэвлэлийн дайн эрчимтэй явагдаж байна. Маш олон хардалт гарч ирж байна. Улс орон бүр өөрийн эрх ашгийн үүднээс дотоод байдлыг үймүүлэх, зөрүү буруу ойлголт төрүүлэх мэдээллийг дурын хүн илэрхийлж байна.

Монгол Улс Азид ардчиллаараа үлгэр жишээ болсон орон. Манай улсад бүх зүйл ил тод, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэн ч юу ч ярьсан хэвлэлээр гардаг. Үүнийг ашиглан иргэдийн бухимдлыг төрүүлэх, хөрш улсуудыг хагалган бутаргах санаа явж байхыг үгүйсгэхгүй. Цаашид энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад харилцааны байр сууриа тууштай баримталж байгаагаа илэрхийлэх, хоёр хөрш болон гуравдагч хөршүүдийн харилцааны тэнцвэрийг урьдын адил хангах, аливаа буруу ташаа мэдээлэлд яаралтай тайлбар өгөхөд илүү анхаарах хэрэгтэй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *