Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОМИЛОЛТ: Төлөг ихэрлэж, агь нүдлэх Баянхангайн хавар DNN.mn

Энгэрийн яргуй цасан дор зүүдлэхэд

Эхний төл наран наашилж цангинана

Эзэн малчны магнай тэнийн баярлаад

Эх орны минь сүрэг нэмлээ гэж дуулна…

Нар наашилж, өдөр уртсахын хэрээр энгэр, талын цас хайлж газар нэлэнхүйдээ бараантжээ. Борог өвсний дороос агь нүдлэн, амьтай бүхэн хөдөлгөөнд орж, шинэ бүхний эхлэл хавар цаг ид үргэлжилж байна.

Улаанбаатар хотоос баруун тийш, хүмүүсийн сайн мэдэх Атарын сангийн аж ахуй гэх Төв аймгийн Баянхангай сумын нутагт байх Баянхангай уулын баруун өвөрт хаваржих эгэл малчны хот руу жолоо заллаа. Биднийг очихыг ч мэдээгүй айлын бадриун банхар сурсан зангаараа машины хоёр талд ээлжлэн харайж хуцсаар гэрийн гадаа ирлээ.

Нохойн дуу, машины чимээтэй зэрэгцэн айлын эзэгтэй гарч ирэн үүдэн дээрээ саравчлан зогсов. Мэнд усаа мэдэлцээд эгэл малчны хотод хавар цаг ямархан аятай үргэлжилж байгааг сурвалжлахаар ирснээ учирлан хэллээ. Биднийг очихтой зэрэгцээд айлын эзэн урагшаа адуугаа харахаар морджээ. “Энэ баруун хонхорт харагдаж байгаа хонь танайх уу? Хажуугаар нь өнгөрөхөд ихэнх нь төллөсөн харагдана, хотноосоо холдохгүй бэлчдэг юм аа даа”…гэлээ. Айлын эзэгтэй “Тийм ээ, манай хонь. Энд дандаа саяхан төллөсөн хонь, ямаанууд бий. Их хонь нь урагшаа тэр харагдаж байгаа толгодыг даваад бий. Бас нэг их хол биш ээ. Манай хөгшин сая тэр хонио харчихаад цаана байгаа адуугаа наашлуулах гээд дөнгөж түрүүхэн мордлоо” гэсээр биднийг гэртээ орохыг урилаа. Бага зэрэг салхитай байгааг эс тооцвол ойрдоо дулаахан байгааг хэллээ. Залгуулаад “За манай хүн удахгүй ирэх байх. Та бүхэн цай унд уугаад сууж байх уу. Одоо сонины хүмүүс ирсэн юм чинь зураг хөрөг авах байлгүй. Яаж ийм царай зүстэй сууж байх билээ. Манайх саяхан хаваржаандаа буусан юм. Эд юмсаа бүрэн авчраагүй л байна. Энүүхэн ойрхон манай байшин бий. Та нарыг цайгаа уугаад суух зуур би дээл хувцас, хоолны мах шөлөө аваад ирье” гээд гарлаа. Айлын гадаа нэг жижиг тэрэг харагдсан, түүнийгээ унаад явав бололтой. Гэр доторх задлаагүй хайрцаг, дэлгээгүй боолттой юмсыг харахад нээрээ л саяхан нүүж ирсэн айлын өнгө төрх танигдана. Өнөө өглөөхөн мэндэлсэн бололтой хоёр жаахан хурга гэрийн зүүн хатавчинд хэвтэж байх юм, ихэр бололтой. Гэрийн эзэгтэйн хэлснээр ёстой л аягалж өгсөн цайг ууж дуусаад удаагүй байтал машин дуугарч, гэрийн ороод ирэв. Бид гарч авчирч ирсэн юмсыг нь дэмнэн орууллаа.

“Хөгшин бид хоёр өглөө цайгаа уугаад сууж байтал баруун хаяанд шаазгай ирж суучихаад шагшраад байсан юм. Зочин ирэх нь дээ, хэдэн хүүхдүүд минь хотоос хэл чимээгүй ирнэ гэж байхгүй дээ гээд хоорондоо ярьж суусан юм. Та хэд ирэх гээд байж л дээ” хэмээн гэрийн эзэгтэй инээмсэглэн хэлэв. Эднийх угтаа баруун аймгийн хүмүүс аж. Хоёр мянган онд Завханаас хэдэн малаа туугаад энэ нутагт ирж суурьшсан байна. Зургаан хүүхэдтэй, хориод ач, зээтэй өнөр айл ч өдгөө үр хүүхдүүд нь бүгд өрх толгойлж, тусдаа гарчээ. Хоёр нь нутагтаа, дөрөв нь хот хүрээ газар аж төрж байгаа гэв. Гэрийн эзнийг Ванчигийн Бямбажав гэх аж. Тэрээр Завхан аймгийн Ургамал суманд 1952 онд төрсөн гэнэ. Аав Ванчиг нь Монгол Улсын сайн малчин, цэрэгт байхдаа Дандар баатрын туслах хийж явжээ. В.Бямбажав гуайг энэ нутгийнхан “худгийн өвөө” гэдгээр нь андахгүй гэнэ. Баянхангайд ирснээсээ хойш малаа маллахын хажуугаар тасралтгүй хорь гаруй жил худаг ажиллуулжээ. Тэрхүү худаг нь содон юм. Баруун зүг явж байгаа улсууд Атарын замын урд, тал дээр ганцхан харагдах цэнхэр дээвэртэй худгийг харж л өнгөрдөг байх. Тэрхүү худгийн эзнийд бид ийн иржээ.


ОХИД ИХТЭЙ ЭМЭЭ, ӨВӨӨ ХОЁР

Биднийг анх угтаж авсан “Худгийн өвөө”-гийн эхнэрийг Пүрэвжавын Отгонбаатар гэх. Тэрээр “Миний нэр их содон байгаа биз. Эмэгтэй хүнд” гээд инээмсэглэнэ. Нээрээ л Пүрэвжав гуай охиндоо яагаад Отгонбаатар гэх эрэгтэй хүний нэр өгсөн юм бол оо гэж гайхах. Охин тогтохгүй айл үрээ ингэж нэрлэх нь бий. Өдгөө В.Бямбажав гуайн зургаан хүүхдээс төрсөн хориод ач, зээ нарын ихэнх нь охин гэнэ шүү. Энэ олон охидоос дөрвөн хөөрхөн зээ нь хүү аж. Хөвгүүддээ эмээ, өвөө хоёр ёстой амь гэнэ. Арга ч үгүй биз. Ийн ач, зээ нарынх нь тухай ярьж суутал гэрийн гадаа хүн ирсэн нь В.Бямбажав гуай байлаа. В.Бямбажав гуай “Урд оройноос наашаа дурандсан юм. Замын хүн юм сураглаж яваа байлгүй гээд нэг их тоосонгүй, малаа дурандаж, нэг тамхилчихаад дахиад гэрийн зүг дуран тавьтал хөгшин маань машинаа унаад хар хурдаараа зүүн байшин руу явчихлаар нь их гайхлаа.

Ямар хүмүүс ирээд хөгшнийг маань ингэтлээ сандраадаг байна аа гэж бодоод хурдхан адуугаа нааш нь дөхүүлчихээд хүрээд ирлээ” гэсээр ихнээд алдан ярилаа. Бид ч зорьж ирсэн учраа хэлээд “Танай хөгшин бидэнд цай аягалж өгөөд л эзэнгүй үлдээчихсэн шүү дээ” гэж наргиад авав. В.Бямбажав гуай хөгшинтэйгөө тэртээ 1977 онд айл гэр болжээ. Өрх тусгаарласан тэр жил том хүү нь мэндэлсэн байна. Улмаар хоёр мянган оны намар үр хүүхэд, хот суурин газар бараадахаар наашаа хэдэн малаа туугаад иржээ. Өдгөө Баянхангай сумын Хөшөөтийн хоёрдугаар багийн нэгэн өрх айл болж. Баянхангайн хавар их сайхан болдог гэнэ. Хэдхэн хоногийн өмнөөс жалга, судгаар агь нүдэлж эхэлжээ. В.Бямбажав гуай сая адуундаа явах зуураа энгэр ээвэр газраар ургасан хөх яргуйг зулгааж идсэн гэдгээ ярилаа. Ингэж ямаа шиг идэх нь хоолойн өвчинд маш сайн гэнэ. Гуравдугаар сарын эхээс эдний мал төллөж эхэлж. Нийтдээ 200 гаруй хонь, ямаа төллөхөөс одоо 160 гаруй нь төллөсөн байна. Ерөнхийдөө мал төллөлт шувтрах янзандаа оржээ. Өнгөрсөн жилийн өвөл өнтэй сайхан байсан тухай ярилаа. Тиймээс мал сүрэг онд мэнд тарган тавтай орж, хавартай ийн золгоод буй аж. Тэрээр “Би тавь гаруй жил мал маллалаа. Энэ хугацаанд үзээгүй зүйлээ өнөө жил үзлээ. Өчигдөрхөн манай нэг төлөгнөөс хоёр ихэр хурга мэндэллээ шүү. Ёстой хөөрхөн. Эх нь өөрөө жаахан атлаа хоёр хөөрхөн ийм жаахан хурга гаргачихдаг. Саяхнаас жалга, судгаар агь нүдлэх болсон. Агь бол хавар хамгийн түрүүнд ургадаг өвс. Үүнийг л энэ хэдэн мал маань идэж хүч тамир орж байх шиг байна. Одоо ч цаг сайхан болно доо. Дулаарахын хэрээр шинэхэн өвс ногоо ургаж, хүн малын зоо тэнийнэ дээ” гэлээ. Цагийн аяс сайхан ч шинэхэн мэндэлсэн хурга, ишигт нэг аюул байгаа нь шувуу аж. Бодын хар буюу тас, бүргэд, элээ мэтийн шувууд нялх төлийг шүүрэх тохиолдол энэ жил элбэг болсон тухай ярилаа.

Бүргэд ч ховор харагдах юм. Нялх төлийг хамгийн их шүүрч байгаа шувуу нь тас гэнэ. Угтаа тас, элээ, хэрээ гэх шувууд үхсэн ан амьтны сэг, зэмээр хооллодог болохоос биш өөрсдөө ан хийж, хооллох үзэгдэл ховор аж. Гэвч энэ жилийн хавар эдний хониноос арваад нялх төл шүүрчээ. В.Бямбажав гуай “Энэ хавар шувуу их аюултай байна. Манайх цөөнгүй хурга, ишгээ шувуунд шүүрүүллээ. Муу золигнууд чинь сэг зэм дээр л суудагсан. Гэхдээ өнгөрсөн жил өвөл өнтэй болж, мал, амьтан айхавтар тамир баралгүй хавартай золгосон учраас үхсэн мал, амьтны сэг зэм гарахгүй байна. Тиймээс л өлсөхийн эрхэнд нялх төл шүүрч байхгүй юу” гэлээ. Тойрсон хэдэн уулын орой болгон дээр “бодын хар” бараатай суух аж.


ЮМНЫ ҮНЭ ӨСӨӨД ХОЁР БИШ НЭГ БЛОК ТАМХИ, ХОРЬ БИШ АРВАН ЛИТР БЕНЗИН, ТАВ БИШ ХОЁР ШИРХЭГ ТАЛХ АВЛАА


Цаг наашлахын хэрээр малчдын сэтгэл өег сайхан байгаа аж. Энэ жил ноолуур хамгийн анх 180 мянган төгрөгөөс эхэлжээ. Одоо ноолуурын үнэ 150-160 мянган төгрөгийн хооронд байгаа аж. Өмнөх жилүүдээ бодоход энэ жилийн ноолуурын ханш харьцангуй тогтвортой сайн байгааг хэллээ. Эднийх хорин хэдэн ямаатай. Түүнийгээ хэдийнэ самнаад ноолуурыг нь туушаачихсан гэнэ. Зүүн болон төвийн бүс нутгийнхан ямаагаа дөрөвдүгээр сар гэхэд самнаад дуусчихдаг байна. Харин баруун аймгийнхан ямаагаа зургадугаар сарын эхээр самнадаг. Тиймээс ноолуурын ханш тухайн үед уначихдаг байна. Үүнийг зохицуулсан төрийн бодлого ч саяхнаас хэрэгжээд удаагүй байгаа билээ. В.Бямбажав гуай “Сүүлийн үед энэ юмны үнэ ханш ёстой дийлдэхээ болилоо. Өнгөрсөн жилүүдэд яахав малчдын ямаагаа самнах үе эгзгийг тааруулаад юмны үнэ өсдөг байсан. Харин энэ жил тийм үе гэлтгүй өдөр бүр л юмны үнэ өсч байна. Би та бүхэнд өөрийнхөө хамгийн сайн мэддэг нэг жишээ хэлье л дээ. Миний татаж байгаа “Дабльс” гээд энэ нарийн тамхи өнгөрсөн сард 2300 төгрөг байсан. Гэтэл өчигдөр сумын төв орж тамхиа автал нэг хайрцаг нь 3000 төгрөг болчихсон байна шүү дээ. Ёстой огцом нэмэгдэнэ гэдэг нь энэ байх. Таван литр бензин, ойр зуурын талх, хүнс, тэгээд татдаг тамхинаасаа хоёр блокийг аваад л зуун мянган төгрөгт яг таардаг байж билээ. Түүн шигээ санаад яг нэг зуун мянган төгрөгтэй очоод юмнуудаа авсан чинь дахиад тавин мянган төгрөг дутаж байх жишээтэй. Ингээд аргагүй эрхэнд хоёр биш нэг блок, хорь биш арван литр бензин, тав биш хоёр ширхэг талх авлаа. Энэ нээрээ юмны үнэ арай хэцүү байна” хэмээн ярилаа. Үнийн өсөлт гэдэг зүйл хүний амь, амьжиргаа, амьдрал ахуйд хөдөө, хот гэлтгүй л нөлөөлж байна. Ирж яваа цаг сайхан гэдэг шиг улс орны амьдрал мөдхөн сайхан болчих байлгүй дээ гэлээ. Хуучин Атарын сангийн аж ахуй байсан газар өдгөө газар тариалангийн нутаг болжээ. Хаашаа л харсан өргөн, урт тариа, ногооны хашаа замын хажуугаар тасралтгүй үргэлжилнэ. Баянхангай сум хоёрхон багтай. Энэ хоёр багийн газар тариалан, мал аж ахуй эрхэлсэн айл өрхүүд хоорондоо газар нутаг, малын бэлчээрийн багагүй маргаантай байдаг тухай В.Бямбажав гуай ярилаа.

АГЬ НҮДЭЛЖЭЭ

Малчид малаа санаснаараа өсгөх боломжгүй гэнэ. Учир нь олон мал бэлчээрлэх газар хомс байдагтай холбоотой аж. Тэрээр “Бог мал ч яахав гарын дор хариулаад гэрээсээ холгүй бэлчээрлэчихнэ. Харин бод мал жаахан хэцүү байна. Манайх энэ нутагт нүүж ирэхээсээ өмнө мянга гаруй тэмээтэй айл байлаа. Наашаа нүүх болсон учраас тэмээ энэ нутагт маллах боломжгүй гэж үзээд нутагтаа үлдээгээд хэдэн үхэр, адуутай ирсэн. Гэтэл адуу, үхрийн бэлчээр хол учир заримдаа айлын ногооны талбай руу орчихдог. Үүнээс болоод маргаан өрнөж эхэлнэ. Бид амихандаа малаа татаад буцдаг ч шөнө орой адуу бэлчээрлээд явчихдаг. Ингэхдээ бусдын ногоо, тариалангийн талбай руу орчихдог юм. Тариаланчид нь мал хараад нүдэнд орсон өргөс шиг үзэж чадахгүй. Хөөж, туугаад аюултай. Зарим нэг сэтгэл муутай хүмүүс мал, амьтан буудсан удаа ч гарч байна. Манай сумын хүмүүсийн ихэнх нь малчид л даа. Энэ олон том хашаа, талбайг гадны хүмүүс л авчихдаг юм шиг байна лээ. Зарим нь хятад эзэнтэй гэсэн. Зүүн тийшээ хот сууринтайгаа ойрхон учраас мал бэлчээрлэх боломжгүй. Баруун тийшээ өөр сумын нутаг руу орчим учраас болохгүй. Хойшоо, урагшаа багахан зайд хэдэн малаа бэлчээр сэлгэн маллаж байна даа” хэмээв. Эгэл малчдын энэхүү тулгамдсан асуудлыг холбогдох газрын хүмүүс анхааралдаа авч шийдвэрлэх шаардлагатай л аж. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг гэдгээ зөв бодлогоор иргэд, малчдын амьдралд хүндрэл учруулахгүй шийдвэрлэх хэрэгтэйг ч тэрээр хэллээ.


ТАРВАГА ДОШИН ДЭЭРЭЭ ГҮЙЛДЭЖ, АРГАЛЬ, СОГОО ЯРГУЙ ЗУЛГААХ БАЯНХАНГАЙ


Бидний ирсэн айлын энэхүү хаваржаа Хустайн нурууны дархан цаазат газар нутагт байрладаг аж. В.Бямбажав гуай адуу маландаа явахдаа хангайн буга, цагаан зээр, хонгор адуу буюу хулантай их таардаг гэнэ. Бүр энэ хаваржаанаасаа урагшаа дурандахад л харагдана гээд бидэнд дурангаа өглөө. Нээрээ л урд харагдах уулын энгэрт зургаан согоо идээшилж байна шүү. Хангайн амьтныг харж хачин сайхныг нь ярилцаад гэрт орлоо. П.Отгонбаатар гуай хэдийнээ сайхан хоол хийчихжээ. Ил гал дээр буцалгасан хоолны амттайг ээ.

БАГАХАНГАЙ УУЛЫН ЭНГЭРТ ЯРГУЙ ИДЭЖ БУЙ АРГАЛЬ…

Эдний хаваржаанаас урагшаа Хустайн нуруу, баруун тийшээ Цэгээн нуур, зүүн талдаа Баянхангай уул хүрээлэн байдаг, сайхан нутаг аж. Удахгүй зусландаа буухдаа баруун зүг Цэгээн нуур луугаа очдог гэнэ. Биднийг зун дахин ирэхийг урилаа. Гэрийн эзэн В.Бямбажав гуай “Хүүхдүүд минь та нар зун манайд дахиад ирээрэй. Манайх энэ харагдаж байгаа урд толгодыг даваад л байж байна. Болохгүй бол ойр хавьд ирээд хүмүүсээс “Худгийн өвөө”-гийнх хаана вэ гээд сураглаад очоорой” гэсээр биднийг үдлээ. Шинэхэн төлүүд эхтэйгээ эрхлэн тоглоод л, төлийн дуу цангинасан малчны хотонд ертөнцийн амар амгалан айлчлан ирсэн мэт. Төлийн дуу, хоточ банхарын чимээнээс өөр аниргүй хөдөөгийн талд энгийн нэгэн малчин айл ийнхүү аж төрөх ажээ.

Бид буцахдаа шууд төв зам руугаа орсонгүй, Баянхангай уулын урдуур тойрч явлаа. Зам зуур хаврын цагаан саарал тарвага дошин дээрээ гүйлдэж байх юм. Цааш Баянхангай уулын урд хормой дөнгөж өнгөрөөд явж байтал цагаан зээрийн сүрэгтэй таарлаа, замаас холгүйхэн юм. Машин ойртон ирсэн ч үргэж харайхгүй, яг л мал шиг амгалан тайван идээшилж байх аж. Зэрлэг амьтан гэхэд сонин санагдав. Зээрийн сүргийг ойроос харж зогсонгоо Баянхангай уул руу дурандлаа. Маш сайн ажаад, тогтоож харахаас нааш харагдахааргүй хөрстэйгөө ижил бор саарал зүстэй хоёр аргаль буюу зэрлэг эм хонь харагдав. Аргаль, согоо ялгаагүй хаврын сүүл, зуны эхэн сард төллөдөг. Одоогоор хээлтэй эм аргаль ийн ганц нэгээр явдаг аж. Ойрмогхон харагдах томгүйхэн тогтоол усанд хоёр хун, хэдэн нугас, хос ангир ирчихсэн байх юм.

Ан, амьтны хослол бүрдсэн Баянхангайн хавар ийнхүү сайхан ажээ. Удахгүй зун цаг айсуй…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *