Монголын өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг тоймлоход АН дотор болж байгаа, даргын суудлын төлөөх өрсөлдөөн, талцал, хэрүүл бол МАН-ын дотор болж байгаа, болох гэж байгаа үйл явдлын дэргэд өчүүхэн юм.
Анхаарлаа МАН дээр хандуулъя л даа. Энэ намын нэр хүндийг харлуулдаг, нэрийг нь дагаж ирсэн зүйл бол хэлмэгдүүлэлт. Одоо ч Монголын ард түмэн, хэлмэгдсэн олон мянган хүний үр удам МАН-ыг их хэлмэгдүүлэлтийг гардсан гэж буруутгадаг. Үүнтэй ижил төстэй үйл явдлыг МАН дахин хийх гэж байгаа бололтой. Харин энэ удаад хэлмэгдүүлэлтийг нам дотроо хийх нь. Хэлмэгдүүлэлтийг гардан зохион байгуулах “Махны машин”-аа ойрмогхон асаахад бэлэн болчихсон байж мэдэх юм гэсэн хардлагыг төрүүлж байна. Ингэж хардах угтвар шалтгаанууд байна л даа. Ч.Хүрэлбаатар, Т.Аюурсайхан, Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Г.Занданшатар нарыг улс төрийн гол өрсөлдөгчид хэмээн үзэж байгаа учир “70 оны ах нарыгаа намнах технологи” явуулаад байгаа нь ажиглагдаад байна. Ер нь улс төр гээч орчинд нэгнээрээ, эсвэл хэсэг бүлэг хүнээр туг тахиад бусад нь гэмгүй, “цэвэр” мултраад үлддэг түүх Монголд эртнээсээ бий. МАН-д болж байгаа үймээн яг л ийм, хэдэн томчууддаа хэрэг хамаатуулсан болж дэгээдээд өөрсдөө ард нь мултрах бодлого яваад байх шиг байна. Эсвэл унасан ч хамтдаа унах бодлого ч байна уу ч гэж арай өөдрөг харж болох юм.
Ер нь нам дотор ч бай, ард түмний дунд ч бай ямар нэгэн “Махны машин” ажиллуулах нь байж боломгүй зүйл л дээ. Хэлмэгдүүлэлтийн “Махны машин” ажилласан он жилүүдийн сүүдэр одоо болтол Монгол Улсаас арилаагүй учир монголчууд ямар ч төрлийн “Махны машин” ажиллахад дургүй. 1937 онд эхэлсэн их хэлмэгдүүлэлт олон жил үргэлжилж, хожим нь ч МАХН дотроосоо олон олон үнэнч гишүүдээ хэлмэгдүүлж, барьж хорьж л байсан. МАХН төдийгүй, Монгол Улсын уураг тархи болсон сэхээтнүүдээ гардан хэлмэгдүүлж байсан ч хожим нь хэлмэгдүүлж байсан нөхөд өөрсдөө “шуурганд” нь хомроголуулж байсан Лхүмбийн хэрэг давтагдаж ч мэдэх вий. Түүх сөхвөөс, 1933 оны тавдугаар сард МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга бөгөөд МҮЭ-ийн Төв зөвлөлийн дарга Ж.Лхүмбийг нам дотроосоо л намнаад зохиомол хэргийн толгойлогч мэтээр гүтгэж, олон удаагийн тамлал, яргаллаар байцаалт авч, хийгээгүй хэргийг нь үүрүүлэх гэж үздэг байсан. Ж.Лхүмбэ нарыг Японы цэргийн ерөнхий штабын шууд удирдлага доор ажилладаг, СССР улсаас Монголын харилцааг таслан салгахыг оролдож, нам засгийн удирдлагыг хороох бэлтгэл ажил хийж явсан гэх 7 хуудас зохиомол хэрэг хүлээлгэн 1934 оны зургадугаар сард 33 хүний хамт буудан хороосон байдаг. Энэ бол Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн эхлэл л байсан гэдэг. Үүн шиг хэлмэгдүүлэлтийг МАН өнөөдөр хийж, хүний толгой авч чадахгүй ч, өрсөлдөгчдөө хэмээн харж байгаа эдгээр хүмүүсийн улс төрийн замнал, нэр хүндэд толбо үлдээх замаар хэлмэгдүүлэх гэж байгаа нь харагдаж байна. Нэр төрийг нь гутааж, улс төрийн замналыг нь дуусгах замаар бүр мөсөн замаасаа зайлуулах гэж байгаа бололтой дог. Л.Энх-Амгалан сайдыг Хөгжлийн банкнаас зээл авсан “Монгема” компанитай холбоотой гэх шуугиан дэгдэхэд тэрээр “Би Хөгжлийн банкнаас зээл авсан “Монгема” компанитай ямар ч хамааралгүй” гэдгээ, шалгуулсан гэдгээ мэдэгдсэн. Өөрийг нь улс төрийн өрсөлдөгч хэмээн харсан байх гэх утгатай зүйлийг сайд ярьж л байсан. Боловсролын салбарыг өөрчилж, нийт иргэдэд нэр хүнд нь өсөөд ирэхээр өрсөлдөгч гэж харсан байх талтай л даа. Хувийн сургуулийн хувьсах зардлыг бууруулж, олон хүний талархлыг хүлээгээд эхлэнгүүт л ингээд ямар нэгэн юмтай холбоод онилчихож байгаа юм. Шинэчлэл, өөрчлөлт, реформ ярьсан хэнийг ч хэвлэл, сошиалаар “буудаж” байна уу даа.
Намын залуучууд нь нэгдэж, ах нараа жийх, тэр дундаа 70-аад оны ах нараа далаар нь тавих бодлого хэрэгжүүлж байгаагийн дараагийн гол бай нь УИХ-ын дарга Г.Занданшатар. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрын багцалсан залуусын хүрч болох амттай, хамгийн өндөр албан тушаал бол одоогоор Г.Занданшатарын албан тушаал. Мань хүн амны хий ихтэйг ч хэлэх үү, тавьсан урхи, шидсэн өгөөшинд нь ёстой амархан гүйгээд орчихоод байх юм. “Г.Занданшатарыг Далай ламтай уулзсанаас болж л Хятад хилээ хаав” гэж баахан гөвөв шүү. Гэтэл сошиалаар явуулаад байгаа зураг сэлт нь он цаг, дарааллын хувьд ямар ч авцалдаагүй, хэрэв төр ой санамжтай бол БНХАУ хилээ хаагаад хагас жил болчихоод байгаа билээ. Г.Занданшатарын “Хэмнэ” гэж үгэнд эмзэглээд л залуус хэдэн мянгаараа талбайд ирсэн юм биш л дээ. Тэр бол намнах ажиллагаа зохион байгуулж буй МАН-ын залууст шалтаг далим болсон л доо. Үнэндээ тэр жагсаал МАН өөрөө зохион байгуулсан жагсаал.
УИХ-ын даргын суудалд өөрөө ч хамгийн их санаархаж байгаа хүн нь Т.Аюурсайханыг гэж намынхан нь жиг жуг гэдэг. Эрэмбээрээ ч, нам доторх хүлээн зөвшөөрөгдсөн байдлаараа ч тэр яалт ч үгүй дараагийн УИХ-ын даргад очих боломжтой хүн. Ийм хувилбар яригдаж эхлэнгүүт даанч түүнтэй “Шударга 5” гэж андлалцаж явсан анд найз Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар нь ойрын үед цочмог мэдээлэл хийж, “Эрдэнэс таван толгой”-той холбоотой нүүрсний хулгайн хэрэг гээчээр тоглоомын тойргоосоо түлхэж гаргах нь тодорхой болсон бололтой шүү. МАН доторх үеүдийн зодооны дараагийн золиос нь С.Бямбацогт гишүүн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах олон жил яригдсан ажлыг гардан хийж ард нь гарч, “Алсын хараа”, “Шүүхийн шинэчлэл”, “Хөгжлийн бодлого” гэж том том зүйл ярьж яваад дүү нарынхаа эгдүүг хүргэчихсэн байж мэдэх л юм. Үүнээс нь харахад, ер нь хүндхэн, томоохон буюу бусад гишүүдийн “толгой хүрдэггүй” хууль бүрийг гардан авч ажиллан ард нь гардаг бодлого тодорхойлогч гишүүн гэж дүгнэгддэг нь бас нэг том өрсөлдөгч гэж овоо хараанд нь ороход нөлөөлсөн байх өндөр магадлалтай. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хамгийн их түншүүлж байгаа хүн бол Ч.Хүрэлбаатар. Одоо үүсээд байгаа эдийн засгийн хүндрэл хямралыг анх урьдчилж харж, хэлж, сануулж байсан, хатуу бөгөөд үнэнийг шулуухан хэлчихдэг тэрээр мөн л намынхаа нялх Сэнгүмүүдийн дургүйг хүргэж баалуулж байгаа нь тэр. “Хаан” банкны асуудалд ч хамаатуулчих гээд л, эсвэл Хөгжлийн банкны асуудал руу хөнтөрчих гээд л… арга барагдсан намын дүү нар нь үнэндээ эдийн засаг элгээрээ хэвтчихсэн байгаа энэ үед түүний л зөвлөмжөөр нүүр тахалж яваа юм шүү дээ.
МАН-ын залуусын хувьд “Эхний ээлжинд дээр дурдсан ах нарынхаа толгойг бөхийлгөчихсөн байхад бусдыг нь хонь шиг л туугаад, маллаад явчихна даа” гэсэн тактик баримталж, нам доторх гол өрсөлдөгчдөө намнах, улс төрийн тусгай ажиллагааных нь цаанаас нэг л танил технологи үнэртээд л байгаа юм даа. Нэг л танил үнэр. Нийтлэлийн эхэнд тоохгүй өнгөрөөсөн АН яг ийм технологиор нэг нэгнээ тонгорч унагасаар одоо ямар байдалтай байгааг нь хар даа. АН бутарч, хөл толгойгоо олохгүй бужигнаж ядаж байж, хажуугаар нь хэдэн ч “толгой”-той болчихоод хэрэлдээд байгааг ойлгохоо байсаан. Үйлийн үр үүдэнд гэгчээр МАН-ыг АН-ын ийм л хувь заяа хүлээж байгааг үгүйсгэх арга алга. АН-ын алдааг МАН давтах уу?