Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Алунгоо: Анагаахын хичээл болон уран бүтээлийн ажлаа тэнцвэртэй авч явахыг хичээдэг DNN.mn

“B production”-ы дуучин Б.Алунгоотой ярилцлаа.


-Анхны цомгийнхоо талаар ярихгүй юу, ямар мэдрэмж төрсөн бэ?

-Цомгоо хүлээж авах үгээр хэлэмгүй гоё мэдрэмж байсан. Д.Болд ах бүгдэд нь “Хуралтай шүү” гээд цаг товлосон. Тэгээд орж ирэхдээ бэлэг шиг уутан дотор цомог, зурагтай хамт хийчихсэн, нэг нэгээр нь нэр дуудаад өгч байсан. Саяхан л арван жилийн хүүхэд цомог байтугай мэргэжлээ яаж сонгох вэ гээд явж байсан. Гэтэл олон хүний дэмжлэг, өөрийн хичээл зүтгэлээрээ цомогтой болчихсон. Сэтгэлд багтамгүй гайхалтай мэдрэмж, цомогт багтсан уран бүтээлүүдийн бичлэг ойрхон зайтай цацагдаж эхэлж байгаа. Хамгийн сүүлд “Чамтай хамт” дуу маань цацагдсан.

-“Тоонот” продакшны хоёр уран бүтээлчтэй хамтарч гаргасан дуунууд хит болсон. Хэрхэн хамтрах болсон бэ?

-Дуучин Б.Өлзий-Учрал (ThunderZ) ах хамтарч уран бүтээл хийх санал тавихад би “Монгол HD” телевизтэй ажлын гэрээтэй, “B production”-нд арай ороогүй байсан үе. Харин одоо миний харьяалагдаж буй “B production”-нд “Тоонот” продакшны Э.Золбоо (O.Z) ах ирдэг, өөрийн уран бүтээлээ хийдэг. Миний цомгийн ажилд ч хамтарсан. Тэгээд уран бүтээлийн гэрээтэйгээр хамтарч ажиллахаар болж Д.Болд ах зөвшөөрөн хамт дуу гаргасан.

-Өөр ямар уран бүтээлчтэй хамтарч ажиллахыг хүсдэг вэ?

-Сүүлийн үед дуучин O.Z ахтай хамтарч байгаа учир соло дуундаа түлхүү анхаарч байна. Миний хамтарч ажиллах уран бүтээлчид гэнэт л эгзэг нь таараад гараад ирдэг юм. Тэр үеийг л хүлээе дээ (инээв).

-“B production”-тай хэдэн жилийн гэрээтэй вэ?

-2020 онд гурван жилийн гэрээ байгуулсан. Одоо нэг жил үлдсэн.

-Б.Алунгоод дуулахаас өөр ямар авьяас байдаг вэ?

-Бараг байхгүй дээ (инээв). Авьяас гэхээсээ илүү спортод дуртай, тэр тусмаа волейболд. Сурагч байхдаа Дархан-Уул аймгийн спортын ордонд волейболын бэлтгэлд явдаг байсан. Гэр бүлийн асуудлаас болоод үргэлжлүүлж хичээллэхээ больсон.

-Шүдний эмч мэргэжлээр сурдаг гэсэн үү, цаашид уран бүтээл болон үндсэн мэргэжлээрээ хэрхэн ажиллах гэж байна?

-Нэгэнт энэхүү мэргэжлээр суралцаад явж байгаа учраас амжилттай төгсөнө. Одоохондоо хоёулангаар нь амжилттай ажиллана гэж хэлж чадахгүй ч оролдож үзнэ л гэж боддог.

-Танай гэр бүлд урлагийн хүн бий юү, урлагт хөл тавихад хэн нөлөөлсөн бэ?

-Намайг тултал нь дэмждэг хүмүүс бол миний гэр бүл. Аав, ээжийн хамаатнууд хүртэл маш сайн дэмждэгт баяртай байдаг.

Гэр бүл дунд урлагийн хүн байхгүй, ээж минь багш мэргэжилтэй, аав маань хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Би айлын том охин, нэг дүүтэй.

-Саяхан л “The Voice of Mongo­lia” шоунд оролцож байсан Б.Алунгоо дуучин болоод цомгоо гаргажээ. Мэдрэмжээсээ хуваалцаач?

-Бүх зүйл маш хурдан болж өнгөрлөө. Шоундаа сарын өмнө л оролцсон юм шиг санагддаг (инээв). Багаасаа сонсож өссөн хүнийхээ тусламжтайгаар, хамтарч ажиллаад цомог гаргана гэдэг маш том аз жаргал.

-Өөрийнхөө дууг сонсоход ямар санагддаг вэ?

-Эхэндээ маш их ичдэг байсан. Хүн болгоны үздэг телевиз, сошиалаар дуу гарах нь гоё байгаа ч ичээд л байдаг. Би ер нь их ичимхий л дээ, одоог хүртэл ичээд дуугаа сошиалаас хайж сонсож байгаагүй (инээв).

-“B production” олон эмэгтэй уран бүтээлчтэй. Тэднээс их зүйл суралцдаг уу?

-Манай охид ихэнх нь бие дааж дуугаа зохиодог, харин надад тийм туршлага байхгүй. Тэр тал дээр мэдлэг дутдаг. Гэсэн хэдий ч миний юу хүсч байгааг мэддэг учир тэд тусалдаг. Тэднээс өөрийнхөө ертөнцийг бүрэн гаргахыг суралцаж байгаа.

-“The Voice of Mon­golia” шоунд хоёр дахь удаагаа оролцохдоо ямар хүлээлттэй байсан бэ, шилдэг арван оролцогчийн нэг болж чадна гэж төсөөлж байв уу?

-“The Voice of Mongolia” яг ялна гэж ороогүй л дээ, өмнөхөөсөө дээрдсэн байх ёстой гэсэн зорилготой л оролцсон.

Эхний жилдээ нэг шүүгч эргэж харуулж байсан. Харин хоёр дахь жилдээ оролцохдоо доод тал нь хоёр шүүгч эргүүлэх ёстой гэж бодоод гурван сарын турш өрөөндөө өдөр бүр бэлтгэсэн.

-Шоунд яагаад хоёр дахь удаагаа оролцох болсон бэ?

-Эхний жил шоунаас хасагдсан өдрөө бэлтгэлийн өрөөнд авахуулсан зурган дээрээ “Буцаад заавал ирнэ” гэж тайлбар бичсэн байсныг инстаграмын түүх сануулсан. Бас “The Voice of Mongolia” шоуны продюсер эгч дахиад орох уу, юу гэж бодож байна гээд залгахад нь “Би дахиж ирнэ” гэж хэлж байснаа, бүх шүүгчдийн “Дараа заавал ирээрэй” гэж хэлснийг санаад маш сайн бэлтгэж байгаад хоёр дахь удаагаа зориглосон.

-Цаашдын зорилго төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

-Сурахын хажуугаар уран бүтээлээ чанартай хийж, сургуулиа амжилттай төгсөхийг чухалчилж байна. Эргээд харахад сэтгэл хангалуун байхын тулд өөрийгөө бүрэн дайчилж ажиллана. Хичээл болон уран бүтээлийн ажлаа тэнцвэртэй авч явахыг хичээж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *