Categories
мэдээ цаг-үе

Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх хуулийг баталлаа DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг эцэслэн батлав.

Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ өчигдөр буюу энэ сарын 14-нд хийсэн бөгөөд өнөөдөр 87.5 хувийн саналаар батлав.

Монгол Улс коронавирусний нөхцөл байдал, ОХУ, Украины хурцадмал нөхцөл байдлын улмаас дэлхий дахинд түлш шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, үнийн өсөлт огцом нэмэгдэж байна. Тухайлбал, он гарсаар газрын тосны үнэ дунджаар 50 хүртэл хувь, улаанбуудайн үнэ 40 хувь өсөж, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас зарим хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнд хомсдол үүсэж, цаашлаад дэлхий даяар 8-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул бодитоор нүүрлэсэн байна. Тиймээс Засгийн газраас хямралыг даван туулах үүднээс дээрх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр энэ сарын 5-нд өргөн барьсан юм. Засгийн газрын өргөн мэдүүлэх уг хуулийн төслийн хүрээнд доорх 8 асуудлыг зохицуулна. Үүнд:

-УИХ-аас нөхцөл байдалтай уялдуулан хууль, тогтоолыг дараалал харгалзахгүйгээр яаралтай хэлэлцэх,

-Монголбанк мах, гурилын нөөц бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын эргэлтийн хөрөнгө болон урьдчилгаа төлбөр төлөхөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг өөрсдийн харилцдаг банкуудаар нь дамжуулан, банкны эх үүсвэрийг дайчлах, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн боломжийг бий болгох, бусад санхүүгийн хэрэгсэл ашиглан гадаад валютын ханшийн эрсдлийг бууруулах,

-Монголбанкнаас гадаад валютын улсын нөөцийг нэмэх зорилгоор банкаар дамжуулан алт олборлогч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгож, Лондонгийн металийн биржийн үнэ дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоод зах зээлээс алт худалдан авна. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлж амжаагүй зөрчил гаргасан хуулийн этгээд, иргэдэд энэ хууль хэрэгжих хугацаанд хариуцлага ногдуулахгүй. Өөрөөр хэлбэл, Төвбанканд одоо ч алтаа тушааж болно.

-Засгийн газраас мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний хангамжид нийлүүлэлтийн хомсдол үүсгэхгүй байх арга хэмжээ авах цогц төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх бөгөөд газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварын 5 хүртэлх хувьд зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгох,

-Засгийн газраас мах, гурилын нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг жилийн батлагдсан нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд хөрөнгийн болон урсгал зардалд төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэнэ. Ингэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарын хүрээнд энэхүү хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас, баталгаа гаргах арга хэмжээ авна,

-Газрын тосны бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн хомсдол үүсгэхгүй байх ажлыг зохион байгуулах бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан хариуцлагын гэрээ байгуулан мөрдүүлнэ,

-Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Хүнсний тухай хуулийн 6.7 дах хэсэгт заасны дагуу энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан хүнсний хангамж, нийлүүлэлтэд хомсдол үүсэхээс сэргийлж, экспортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тухай бүрд тогтоож мөрдүүлнэ. Мөн энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан хариуцлагын гэрээ байгуулан мөрдүүлнэ,

-Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт металь, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно,

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр хаалттай горимд шилжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *