Categories
гадаад мэдээ

Шри Ланк улсын дефолт монголчуудад юу шивнэв DNN.mn

Шри Ланк улсын Засгийн газар олон улсын эргэн төлөлт гэгддэг зээлээ төлж чадахгүй өрөнд орж дефолт буюу дампуурлаа зарлав. Эдийн засгийн гадаад болон дотоод цочмог цохилтод дараалан өртөж улсынх нь санхүүгийн байдал муудсаны улмаас тус улс дампуурлаа зарлав. Шри Ланкийн Засгийн газар валютын хомсдолд орж бүх гадаад дотоод эргэн төлөлт зогсож буй учраас гадаад улсуудад ажиллаж байгаа иргэдээ эх орондоо буй гэр бүлдээ валют илгээхийг хүссэн байна. Тус улсын сангийн сайд Махинда Сиривардена сэтгүүлчдэд, улсынхаа гадаад өрийг Олон улсын валютын сангийн эдийн засгийн тусламжийн хөтөлбөрт орж шийднэ гэж мэдэгдэв. Шри Ланк 1948 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойш гадаад өр барагдуулах талаараа маш амжилттай ажиллаж байсан талаар Сангийн сайд мөн дурсав. Сангийн сайд Махиндын үзэж байгаагаар, цар тахал болон Украины нөхцөл байдал Шри Ланкийн эдийн засагт хүчтэй цохилт болсон аж. Өнгөрсөн сард олон улсын валютын сангаас Шри Ланкийн өрийн хэмжээг тогтворгүй гэж үзсэн. Энэ нь тус улсын засгийн газар бүх гадаад өрийг тогтвортой байлгахын тулд яаралтай алхам хийх хэрэгтэй болсон гэсэн үг. Яаралтай алхам буюу онцгой үйлдэл гэдэг нь улсын санхүүд бүтцийн өөрчлөлт хийхийг хэлдэг. Иймээс энэхүү хүнд цаг үеийг даван гарахын тулд Шри Ланкийн засгийн газар Олон улсын валютын сангаас яаралтай санхүүгийн тусламж хүсэхээс өөр аргагүй болоод байна. Мөн Засгийн газар олон улс болон хоёр хөрш түншүүдээсээ санхүүгийн тусламж хүсч байгаа бөгөөд онцгой нөхцөл байдлын улмаас ард түмэнд учирсан зовлон зүдгүүрийг хөнгөвчлөхөөр ажиллана гэв. “Бид гадаад өр төлөх чадвараа алдсан. Бид зайлшгүй шаардлагатай импортод анхаарлаа хандуулах хэрэгтэй бөгөөд гадаад өрийг барагдуулах талаар санаа зовох хэрэгтэй” гэж тус улсын төв банкны ерөнхийлөгч доктор Нандалал Веэрасингхэ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Шри Ланк 2022 он хүртэл төлж дуусгах зургаан тэрбум орчим ам.долларын гадаад өрийн төлбөртэй. Гэвч тус улсын ашиглах боломжтой хөрөнгийн нөөц нь ердөө 150 сая ам.доллар болж түүхэн доод хэмжээндээ хүрчээ. Ирэх жилээс эхлэн 2026 он хүртэл Шри Ланкийн гадаад өрийн үйлчилгээний хэмжээ 25 тэрбум ам.долларт хүрнэ. Шри Ланка сүүлийн арван жилийн ихэнх хугацаанд төсвийн алдагдал, худалдааны алдагдалтай нүүр тулсаар ирсэн юм байна. Шри Ланкийн гадаад өрийн хэмжээ 2014-2019 онд DGP-ийн 42.6 хувьд хүрч өссөн. Ерөнхийлөгч Готабая Ражапаксагийн дэглэм болон төв банкны үе үеийн дарга нар Шри Ланкийн гадаад өр төлөлт тогтвортой байгаа бөгөөд тохиолдож буй бэрхшээлүүд дефолт болох хэмжээнд хүргэхгүй хэмээн хоёр жилийн турш санхүүгийн асуудлаа нуун дарагдуулж байв. Гэвч үнэн ялж Засгийн газар дампуурал зарлах хэмжээндээ хүрэв.

Одоогийн байдлаар тус улсын засгийн газар 2022 оны хоёрдугаар сараас 10 дугаар сарын хооронд төлөх ёстой 4.8 тэрбум өрөө яах вэ гэдэг асуудалд ороод байгаа юм.

Шри Ланкийн засгийн газар үгүй болж буй валютын нөөцийн дарамтыг намдаахын тулд хөрш Энэтхэгээс хүнс, эм, шатахуун импортлох зээлийн шугам зэрэг түр зуурын тусламжийн арга хэмжээ авсан гэж мэдээлж байсан. Мөн Энэтхэг, Хятад, Бангладешаас валют солих, Оманаас газрын тос зээлээр авахаар болсон. Зардлаа танахын тулд засгийн газар 2021 оны аранхоёрдугаар сараас эхлэн гадаад дахь гурван дипломат төлөөлөгчийн газраа хүртэл хаасан. Гэвч эдгээр арга хэмжээ нь дампуурал зарлахаас аварсангүй. Шри Ланка улс эцсийн бүлэгт бүх өрөө төлж дуусгах хэрэгтэй. Эс бөгөөс эдийн засгийн колони улс болох магадлал өндөр юм.

Гадаад валютын нөөц шавхагдаж байгаа нь Шри Ланкад Хятадын зээлээр баригдсан дэд бүтцийн төслүүдтэй холбоотой. Зээл аван бүтээсэн бүхэн нь засгийн газарт ямар ч ашиг өгдөггүй. “АР” агентлаг тус улсын төв банкны тоо баримтаас харахад, Хятад төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийг тооцохгүйгээр ойролцоогоор 3.38 тэрбум ам.доллар Шри Ланкад зээлсэн гэж мэдээлэв. Пойнт Педрогийн хөгжлийн хүрээлэнгийн ерөнхий судлаач Муттукришна Сарванантан хэлэхдээ, “Бид техникийн бүрэн дампууралд орлоо” гэж мэдэгдсэн.

Шри Ланкийн иргэд он гарснаас хойш үнийн хэт хөөрөгдөл болон тог усны хязгаарлагдмал байдалд дарлагдав. Мөн ажилгүйдлийн түвшин дээд хэмжээндээ хүрч улсын баячууд нь хүртэл санхүүгийн хямралтай тулжээ.

Засгийн газрын хувьд иргэдээсээ уучлалт гуйн, гадаад оронд ажиллаж амьдарч буй гэр бүлийн гишүүдээсээ мөнгөн тусламж авахыг хүссэн байна. Дампуурлын тухай мэдсэн дэлхийн өнцөг булан бүр дэх иргэд нь нэгдэн Шри Ланкад зориулан хандивын данс нээгээд байна. Тэгвэл Шри Ланк улсын туршлага бидэнд ямар сургамж өгч байна вэ?!

Үл төлөлт гэсэн үг болох “Default” буюу “Дефолт” нь маш товчоор зээл өр болж хувирахыг хэлнэ. Үүнийг энгийн үгээр тайлбарлавал, нэг хувь хүн, эсвэл компани мундаг гутал хийж гадаадад гарган валют олж баяжих зорилт тавьжээ гэж бод. Тэд гадны шилдэг гутал хийх технологид төлөх мөнгө, энэ технологиос илүү гарах хямд зардалтай сайн гутал хийх технологи шинээр гарган авах зардал, түүхий эд, үйлдвэрлэл, тээвэрлэлт, татвар, цалин, орлого гээд бүх зүйлээ тооцож гаднаас зээл авна. Тэгээд тэд шинэ гутлаа зарсан ашгаараа зээлээ төлж дуусгаад дахин зээл авч үйлдвэрлэл болон орлогоо нэмэгдүүлэн улам хөгжинө. Энэ нь гадаад зээлийн хамгийн гол зүйл нь шинэ технологи буюу валют олдог ажлын байр байдаг гэсэн үг. Харин нэг дарга нь гутал хийх зээлээр авгайдаа юм авч өгөөд байвал дефолт болдог гэсэн үг. Иймээс бид нэгдүгээрт, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орно гэдэг чинь манай улс төрчид бидний өмнөөс зээл авч түүнийгээ бидний өр болгон өөрсдөө халааслахыг хэлдэг юм байна. Иймээс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт оруулж биднийг хоосруулсан улстөрчдийн баруунд гаргасан хөдлөх үл хөдлөх хөрөнгийг олон улсад хандан яаралтай царцааж улсынхаа санд буцаан оруулж өвгөд хөгшид, үр хүүхэд, эмч, багш нарт зориул гэсэн үг. Хоёрдугаарт, дахин гаднаас зээл авах гэж байгаа төр, засгаас зээлээ өр болгохгүй гэсэн баталгааг нь эхлээд сонс. Хамгийн гол нь манай улсад ямар шинэ технологи орж ирж хэр хэмжээний валют болох вэ буюу хэдэн ажлын байр шинээр бий болох юм бэ гэдгийг байнга асууж бас шалгаж бай гэсэн үг. Эс тэгвээс зээл чинь өр болж дефолттой нүүр тулна. Энэ үед өөрийнхөө толгой руу цохиод авсан ч оройтчихсон Шри Ланк улстай хөтлөлцөөд зогсож байх болно. Үүнийг л Шри Ланкчууд бидэнд шивнээд байна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *