Уг хуулийн төслийг илүү боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэн Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авахыг хүсэв. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Цаг үеийн нөхцөл байдал амаргүй байна. Энэ хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцэх ёстой. Хямралтай үеийг хамтын хүчээр давмаар байна. Иймээс 30 минутын завсарлага өгье” гэлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.
Хуулийн төсөлд эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцад хамгийн голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэрэг бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар тусгасан байна. Мөн Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголбанканд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсын хилээр бэлэн гадаад валют гаргахад хязгаарлалт тогтоох харилцааг зохицуулах аж.