Categories
гадаад мэдээ

НАТО удахгүй ОХУ-тай айлсана DNN.mn

Швед, Финланд улсууд удахгүй НАТО-д элсэхээр бэлдэж байгааг албаны эх сурвалж батлав.Оросын цэрэг Украинд халдан довтолсноос хойш эдгээр улсууд НАТО-д гишүүнээр элсэх асуудал маш нухацтай яригдах болсон юм. Ирэх долоо хоногт болох НАТО-гийн гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр энэ асуудал хэлэлцэгдэх болсныг АНУ-ын төрийн департамент мэдээлэв. Уг уулзалтад Швед, Финландын гадаад хэргийн сайд нар оролцох гэнэ.ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хөрш Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлэхдээ НАТО-гийн өргөжилтийг зогсоох зорилготой гэж зарлаж байсан.Тэгвэл түүний эхлүүлсэн энэ дайны үр дүнд НАТО улам өргөжин бүр “бөөрөнд нь тулж” буй нь Путины зорилго эсрэгээр эргэж эхэлснийг харуулж байна.

Швед, Финланд улсууд олон жил төвийг сахин эвсэлд үл нэгдэх бодлого баримталж ирсэн түүхтэй. Гэвч Украинд гарсан дайн эдгээр улсуудын ард иргэдийн санаа бодлыг огцом эргүүлээд байна. “Финланд, Шведийн олон нийтийн үзэл бодол сүүлийн зургаан долоо хоногийн хугацаанд хэрхэн огцом өөрчлөгдсөнөөс Путин стратегийн алдаа гаргасныг харж болохоор байна” гэж АНУ-ын төрийн департаментын албаны төлөөлөгч энэ долоо хоногт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. Финландын ерөнхий сайд Санна Марин тус улсын парламент НАТО-д элсэх асуудлыг ойрын өдрүүдэд хэлэлцэх ба “ирэх зунаас өмнө үр дүнд хүрнэ” гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. Шведийн ерөнхий сайд Магдалена Андерссон тус улс үндэсний аюулгүй байдлын бодлогоо шинэчилж байгаа бөгөөд тавдугаар сарын сүүлээр уг ажил дуусна гэв. Тэр үед Шведийн засгийн газар НАТО-д элсэх албан ёсны байр сууриа зарлах гэнэ. Тэгвэл ОХУ Швед, Финланд улсууд НАТО-д элсвэл “Бид үндэсний аюулгүй байдлаа хангах үүднээс баруун жигүүртээ илүү анхаарал тавих болно” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “SkyNews” сувагт ярьсан юм.Харин НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг “Швед, Финланд улсууд шийдвэрээ гаргавал маш хялбар замаар гишүүн болох боломжтой” гэж мэдэгдсэн.“Бид олон жил хамтран ажилласан туршлагатай. Зэвсэгт хүчний чадавх, нэгдмэл байдал, ардчиллын хяналт гээд бүх үзүүлэлтээрээ тэд НАТО-гийн стандартыг бүрэн хангадаг” гэж Столтенбэрг ярьжээ.Финландын албаныхан өөрийн улсыг албан ёсоор гишүүн болоогүй ч НАТО-гийн гишүүний бүх шаардлагыг хангаж байгааг саяхан мэдэгдсэн байна.Энэ бүхэн НАТО тун удахгүй ОХУ-тай хөрш бууж айлсах нь тодорхой боллоо гэсэн үг.


ТОВЧХОН

ОХУ Украинд түрэмгийлснийг эсэргүүцэн Оросын найман дипломатчийг хөөж байгаагаа Японы засгийн газар мэдээллээ. Японы гадаад хэргийн яамны төлөөлөгч Хикарико Оно өчигдөр энэ талаар мэдээлж, Дотоод хэргийн сайд Такео Мори тус улсад суугаа ОХУ-ын элчин сайд Михаил Галузинд мэдэгдэл хүргүүлсэн байна.Түүнчлэн Японы ерөнхий сайд Фумио Кишида “Их-7” бүлэгтэй зөвшилцсөний дагуу ОХУ-ын эсрэг нэмэлт хориг тавих аж. “Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нарын уулзалтаар ОХУ-ын нүүрс, байгалийн хийн импортод хориг тавих талаар ярилцан тохирсон юм. Япон өмнө нь цэргийн зорилгоор ашиглагдах боломжтой бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлохыг хориглож, ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй улстөрчдийг хар жагсаалтад оруулан, олон улсын сүлжээнээс Оросын банкуудыг хасаад байсан.Зүүн Ази дахь нөлөөлөлдөө анхаарч буй Япон улс нь Украинд дэмжлэг үзүүлэх олон улсын харилцаанд тэргүүлэх үүргийг гүйцэтгэхээр хичээж байгаа бөгөөд Зүүн Азид Хятад улс цэргийн ажиллагаагаа нэмэгдүүлж буйд Япон санаа зовнин барууны холбоотнуудтай хамт гэдгээ илэрхийлсээр байгаа билээ. Украины дайнаас үүдэн Москватай харилцаа муудсан Европын улсууд ч Оросын олон дипломат ажилтныг албадан гаргаад байгаа юм. Мөн Японы эрх баригчид ОХУ-д шинэ хориг тавьжээ. Гадаад харилцааны яамных нь албан ёсны цахим хуудаст энэ талаар мэдээлсэн байна.Шинэ хоригт ОХУ-ын 28 байгууллагын 398 хүн хамрагдсан бөгөөд байгууллагууд нь цэрэг дайн, зэвсэглэлтэй холбоотой гэнэ. Япончуулд мөн ирэх тавдугаар сарын 12-ноос хойш ОХУ-д хөрөнгө оруулалт хийхийг хоригложээ.

l l l

Австри улсын канцлер Карл Нехаммер ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан байна. Москвагийн ойролцоо Ново-Огарево дахь Путины амьдардаг өргөөнд болсон уулзалт харьцангуй богино буюу 75 минут үргэлжилжээ. Канцлер Нехаммер нь Оросын цэрэг Украины газар нутагт халдан довтолсноос хойш Путинтэй нүүр тулж уулзсан Европын Холбооны гишүүн улсын анхны төрийн тэргүүн болж байгаа юм.“Уулзалт тийм ч найрсаг уур амьсгалтай болсонгүй. Путинтэй маш илэн далангүй, шулуун, хатуу ширүүн яриа өрнүүллээ” гэж Нехаммер уулзалтын дараа мэдэгджээ.Тэрбээр мөн өнгөрсөн бямба гаригт Киев хотод айлчилж, Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзсан юм.“Аль аль талдаа хохиролтой, хэн ч ялахгүй дайныг дуусгах ёстой гэсэн анхааруулгыг Путинд хүргэх нь миний хамгийн гол зорилго байлаа. Түүнд үүнийг нэг удаа хэлэх хангалтгүй. Арван удаа хэлэх ч хангалтгүй. 100 удаа хэлэх хэрэгтэй ч байж магадгүй. Гэхдээ энх тайвныг тогтоох, Украины ард түмний аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүхнийг хийх ёстой гэж би бодож байна” гэж Нехаммер мэдэгджээ.Байгалийн хийн хэрэгцээнийхээ 80 хувийг Оросоос авдаг Австрийн өмнөх засгийн газар Москватай найрсаг харилцаатай байхыг эрхэмлэдэг байсан юм.Харин Карл Нехаммерын засгийн газар уг хандлагыг үндсээр нь эргүүлж, Украинд эзлэн түрэмгийлэл явуулж буй ОХУ-ыг буруутгаж, Европын Холбооны хориг арга хэмжээг дэмжиж, Оросын дипломатчидыг нутаг дэвсгэрээсээ хөөгөөд байгаа билээ.“Австрийн канцлер Нехаммерын Путинтэй хийсэн уулзалт ярьж байгаагаасаа илүү ач холбогдолтой болсон гэж найдъя. Австри улс өнгөрсөн хугацаанд Москвад ашигтай тэнэгийн үүргийг хангалттай гүйцэтгэсэн” гэж Зальцбургийн Их сургуулийн улс төр судлаач, профессор Райнхард Хайниш твиттер хуудсандаа бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *