АНУ-ын Сангийн яам ОХУ-ын очир эрдэнэ үйлдвэрлэгч “Alrosa” компанид хориг тавьснаар дэлхийн хэмжээнд очир эрдэнийн нийлүүлэлт 30 хувиар буурах төлөвтэй боллоо.
Хориг арга хэмжээний хүрээнд АНУ-ын компаниудыг “Alrosa”-аас худалдан авалт хийж, хамтран ажиллахыг хориглосон аж.
Үүнээс өмнө “Tiffany & Co” болон “Signet Jewelers” компани ОХУ-д олборлосон очир эрдэнэ худалдан авахгүй гэж мэдээлсэн . Мөн Их Британи, Европын Холбоо тус компанид хориг тавиад байна.
ОХУ-ын очир эрдэнийн экспорт 2021 онд 4.5 тэрбум ам.доллар болжээ. ОХУ-ын уул уурхай, эрчим хүчний бус экспортын эхний аравт очир эрдэнийн экспорт ордог. “Alrosa” компани ОХУ-ын очир эрдэнийн үйлдвэрлэлийн 90 хувь, дэлхийн хэмжээнд 28 хувийг хангадаг.
АНУ хориг арга хэмжээ авна гэж зарласны дараа баасан гаргийн арилжаагаар хувьцааны ханш нь 13 хувиар буурчээ.