Европын орнууд сүүлийн хоёр жилийн хугацаанд уналттай гарсан эдийн засаг болон аялал жуулчлалын салбараа сэргээх үүднээс цар тахлын эсрэг тогтоосон хязгаарлалтаа цуцалж байна. Тухайлбал, хамгийн сүүлд Итали улс хязгаарлалтаа цуцаллаа.
Мөн Исланд, Норвеги, Словани зэрэг 20 орчим улс цар тахлын эсрэг тогтоосон бүх хязгаарлалтаа цуцалсан байна.
Бүх хязгаарлалт гэдэг нь тус улсад гаднаас ирж байгаа жуулчдад мөн ямар ч хязгаарлалт үйлчлэхгүй гэсэн үг юм. Австри болон Франц улс дотооддоо тогтоосон хязгаарлалтаа цуцалснаар вакцины гэрчилгээ шаардахгүй болж байна.
Грек, Итали, Испани болон Финланд зэрэг улс орнууд дотоодын болон хилийн журмаа сулруулж байна. Тухайлбал, хилээр нэвтрэхээс өмнө тусгаарлагдах, шинжилгээний сөрөг хариу заавал шаардахгүй болж байна. Хэдий тийм боловч ДЭМБ-аас хязгаарлалтыг цуцалсан нь цар тахлын төгсгөл гэж ойлгож болохгүй. Вирус анх тархаж эхэлсэн цаг үетэй харьцуулахад одоо хүн төрөлхтөн вакцинтай болсон ч гэсэн халдвар авахаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ дагаж мөрдөхийг зөвлөж байна.
Үүний зэрэгцээ ДЭМБ-аас Европын 53 улсын 18-д нь цар тахал эргээд нэмэгдэх хандлага байгааг анхааруулж байна. Сүүлийн 7 хоногийн байдлаар Европын хэмжээнд 5 сая тохиолдол шинээр бүртгэгджээ.
Германд л гэхэд өчигдрийн байдлаар шинээр 200 орчим мянган тохиолдол бүртгэгдлээ. Францад өнгөрсөн сарын эхээр хязгаарлалцаа цуцалсанаас хойш халдварын тархалт эрчимжиж, тухайн үед шинэ тохиолдлын тоо 50 мянгад хүрч байсан бол одоо халдварын тоо 3 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.