УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Ганболд нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Б.БАЯРСАЙХАН: -Согтуугаар жолоо баьж замын хөдөлгөөнд оролцсон хүнийг 400 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг нь нэг жилээр хасдаг заалтыг өөрчилж зөвхөн жолоо барих эрхийг нь нэг жил хасаад торгохоо болих заалт оруулсан байна. Яагаад ингэж шийтгэлийг нь бууруулж байгаа юм бэ. 2021 онд улсын хэмжээнд 22482 зам тээврийн осол гарсан байна. Ослын улмаас 383 хүн нас барж, 2475 хүн гэмтсэн байна. Нас барьсан хүмүүсийн 159 нь хүүхэд байна. Ийм байхад согтуугаар жолоо барьсан хүнд ногдуулах шийтгэлийг бууруулж оруулж ирж байгаад сэтгэд дундуур байна. БНСУ-д спиртийн хэмжээ 0.2 хувиас их байсан тохиолдолд 20 мянган ам.доллароор торгож, жолоо барих эрхийг нь тодорхойгүй хугацаагаар хасдаг. БНХАУ-д цусан дахь спиртийн хэмжээ нь 0.08 хувиас бага байх тохиолдолд 1000-2000 юанаар торгоод жолоодох эрхийг нь зургаан сараар хасдаг байна. Харин 0.08 хувиас их байсан тохиолдолд гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял өгч, жолоодох эрхийг нь таван жил, хүн нас барсан тохиолдолд бүх насаар нь хасдаг. Гэтэл манай улсад цусан дахь спиртийн хэмжээ нь 0.019 хувиас их байх тохиолдолд согтуугаар жолоо барьсан гэж үздэг. Манай улсад нэг сая 350 мянга орчим жолооч байгаагаас сүүлийн 10 жилд 375 мянга буюу нийт жолоочийн хувь (дөрвөн жолооч тутмын нэг) нь согтуугаар жолоо барьсан зөрчилд холбогдсон статистик байна. Тиймээс согтуугаар жолоо барьсан хүнд ногдуулах шийтгэлийг бууруулах бус харин ч нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Г.ГАНБОЛД: -Таны хэлж байгаа асуудлыг ойлгож байна. Согтуурлын хэмжээг тогтоох асуудал улс орнуудын хувьд харилцан адилгүй байдаг. Манай улсад түгээмэл хэрэглэгддэг айраг гэх мэт асуудал дээр согтуурлын зэрэг гардаг, гардаггүй гээд асуудал бий. Тээврийн хэрэгсэл жолоодоод амьдрал ахуйгаа авч явдаг хүний хувьд энэ заалт эдийн засгийн дарамт болдог. Тиймээс нэг зөрчил хоёр шийтгэл байх нь зохимжгүй гэж үзсэн юм. Нэг жилээр эрхээс хасуулаад нэмээд 400 мянган төгрөгөөр торгуулж байгаа. Үүнийг өөрчилж зөвхөн эрхээ хасуулдаг болно