Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Явж ядсан жолооч нар замын түгжрэлд их нөлөөлж байна шүү DNN.mn

Хотын автозамын түгжрэл үе үеийн дарга нарын толгойны өвчин болоод олон оныг үджээ. Олигтой шийдэл ч бараг олж чадсангүй. Хүүхэд шуухдаа сургууль, цэцэрлэгт нь машинаар хүргэж өгч, авдаг аав ээжүүд л түгжрэлийн буруутан нь болж байх шиг. Бодит байдал дээр ч тийм байгаа нь үнэн. Сурагчдын амралт эхлэхтэй зэрэгцэн замын хөдөлгөөн ч сайхан сийрэг болоод ирж байгаа юм. Гэхдээ энд хүүхдээ зөөдөг эцэг эхчүүдийг буруутгах аргагүй.

Хотын замын хөдөлгөөнд өдөр бүр оролцдог хүний хувьд анзаарахад тэр их түгжрэлийн багагүй хэсэг нь жолооч нарын ур чадвар, эгнээ байраа эзэлсэн байдал гэх мэттэй яалт ч үгүй холбоотой байна аа. Хамгийн энгийн жишээ гэхэд тухайн эгнээг хөдөлгөөнд орохыг зөвшөөрсөн гэрэл аслаа гэж бодоход хамгийн эхний машинууд явж өгөхгүй юм. Араасаа сигналдуулан барин хөдөлсний дараа тухайн уулзвараар их сайндаа 6-10 машин гарч чадвал их юм. Мөн эргэлт дээр жолооч нар жигтэйхэн удаан эргэх юм. Уг нь ямар ч саад урд нь байхгүй. Эргэж ядсаар байтал улаан гэрэл асаад хөдөлгөөн зогсоно. Цөөхөн хэдэн машин гарч чадвал зол.

Энэ мэтчилэн эгнээ, байраа буруу эзэлсэн жолооч нар замын хөдөлгөөний эрчимд мөн их түвэг саад болж байгаа харагддаг. Зэрэгцэж очоод харахаар гар утсаа оролдсон жолооч харагдана. Бодвол фэйсбүүк л ухаж явдаг байх. За, тэгээд утсаараа ярьсан жолооч нар бол битүү битүү. Уг нь ядаж чихэвч хэрэглээд ч юм уу, зориулалтын тавиур дээр тавиад чанга яригчаар нь яриад явбал болохоор. Бас нэг учир шалтгаан байна аа. Орой ажлын цаг тарахтай зэрэгцээд бүх машин хөдөлгөөнд оролцоно. Гэтэл Сүхбаатарын талбайн хоёр талын зам болон Багшиийн дээдийн урд зам зэргийн хөдөлгөөнийг бүр хөдөлгөхгүй 30, 40 минутаар таг барьчихаад байдгийн учрыг бодоод олдоггүй. Яг тэгж барьснаас болоод төв талбайгаас хойшоо байдаг замууд дагаад битүү болж орхидог. Үндсэндээ шууд хиймэл түгжрэл болчихдог. Энэ мэтээ шийдчихвэл бас ч дагаад өөр шийдлүүд гарч ирэх л байлгүй дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *