АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дахин дайны гэмт хэрэгтэн гэж нэрлэжээ. Тэрээр “Оросын цэргүүд Украины Киев мужийн Буча хотод энгийн иргэдийг олноор нь хөнөөснийх нь төлөө Путиныг шүүхэд дуудах ёстой” гэв.
Түүнчлэн шүүхэд дуудахын тулд болсон үйл явдлын талаарх дэлгэрэнгүй материал цуглуулах хэрэгтэй гэж хэлсэн байна. Мөн “Украины энгийн иргэдтэй ОХУ-ын цэргүүд харгис хэрцгий хандсаных нь төлөө Оросын эсрэг дахин шинэ хориг арга хэмжээ авах хэрэгтэй” гэжээ.
Евро комиссын дарга Урсула фон дер Ляйен Европын холбооноос Украин руу төлөөлөгчдөө илгээж, дайны гэмт хэргийг баримтжуулахад бэлэн байна гэжээ. Мөн АНУ ч туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Орос дайны гэмт хэрэг, геноцид үйлдсэн гэж үзэж байгаа юм.