Ховд гол дээр 90 мегаватын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн УЦС барих гэж буй. Увс, Ховд, Баян-Өлгий гэсэн гурван аймгийн нутаг дэвсгэрийг хамрах уг төсөл улс орны ашиг сонирхол, эрчим хүчний хараат бус байх бодлогод ашигтай ч тэнд амьдардаг иргэдийн ахуй амьдрал хийгээд байгаль орчинд сөргөөр нөлөөлнө хэмээн нутгийн хүмүүс нь эсэргүүцэж буй билээ.
Гэвч нөлөөлөлд автаж байгаа иргэдийн асуудал хүндрэл үүсгэж буй юм. Усан цахилгаан станц баригдахтай холбоотой шинээр бий болох усан сангийн газарт ажиллаж, амьдарч байгаа мал бүхий 270 өрх бий. Үүний ард 1251 иргэн байгаа юм. Тэд жилийн дөрвөн улирал бэлчээр сэлгэн амьдардаг газар нутгаа усан сан болгочихоод хаанаа амьдрах вэ гэдэг асуудал ярьдаг. Учир нь орон нутагт бэлчээрийн хүрэлцээ маш хангалтгүй болсноос малчид бэлчээрээ хуваах нь бүү хэл булаалцалдаж, харамлаж, нэгнийгээ хөнөөх тохиолдлууд ч гарах болсон билээ.
Өнөөдөр байгаа эрх зүйн зохицуулалтаар нөлөөлөлд автсан иргэдэд зөвхөн үндсэн хөрөнгийн үнэлгээг хийж, нийт 9.5 тэрбумын нөхөн олговор олгохоор ярьж байсан. Тэгвэл энэ олговрын хэмжээг нэмэгдүүлэх талаар ирэх долоо хоногийн Засгийн газраар ярилцаж шийднэ гэдгээ Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдэгдсэн.
Эх сурвалжаас авсан мэдээллээр дээрх иргэдэд олгох нөхөн олговрыг даруй 10 тэрбумаар нэмэгдүүлэх саналыг Ерөнхий сайд зөвшөөрч, Засгийн газрын хуралдаанаар батлахаар болсон байна. Ингэснээр тухайн усан сан бий болох газар нутагт амьдардаг мал бүхий 250 өрх, 1251 иргэнд нөхөн олговор болгож 19.5 тэрбумыг зарцуулахаар болж байна. Энэ мөнгөөр малчдад нөхөн олговор олгохоос гадна нүүлгэн шилжүүлэлт, зохион байгуулалтын бүх зардлыг гаргах юм.
Энэхүү төслийг хөдөлгөхөөр Засгийн газар ч тэр, Эрчим хүчний сайд ч Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар ихэд хүчин чармайлт гаргаж буй. Гэвч иргэдийн эсэргүүцэл их, төлсийн ажил урагшлахгүй байсан тул ийн дахин арван тэрбумыг зарж, амыг нь хаах”” арга хэрэглэж буй бололтой.