Categories
гадаад мэдээ

Катарт болох хөл бөмбөгийн ДАШТ-ий хэсгүүдийн хуваарилалтыг сугалаагаар шийдлээ DNN.mn

Энэ оны сүүлээр Катар улсад зохион байгуулагдах хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгүүдийн хуваарилалтыг сугалаагаар шийдлээ.

Баасан гарагийн орой Катарын нийслэл Доха хотод сугалааг зохион байгуулжээ.

Хэсгүүдийн хуваарилалт ерөнхийдөө хүч тэнцүү болсон ч зарим хэсэг нь хөл бөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж байна.

зураг

Тухайлбал дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы шигшээ баг 2010 оны дэлхийн аварга Испанийн шигшээ багтай E хэсэгт хуваарилагджээ.

Германчууд 2018 онд ОХУ-д болсон ДАШТ-д хэсгээсээ шалгарч чадаагүй бол энэ удаа Катарт унасан нэр хүндээ сэргээхээр ирж байгаа.

Хамгийн сүүлд энэ хоёр баг 2020 оны арваннэгдүгээр сард тоглоход Испанийн шигшээ баг 6:0 харьцаагаар хожиж байжээ.

Гэхдээ Германы баг өмнөх дасгалжуулагч Йоахим Лёвыг шинэ дасгалжуулагч Ханси Фликээр сольсноор нэлээд сайжирсан гэсэн хүлээлт бий.

Өөр нэг сонирхолтой хуваарилалт нь B хэсэгт таарсан АНУ, Ираны шигшээ багууд болж байна. Энэ хоёр улс спортын төдийгүй улс төрийн тавцанд ширүүн өрсөлдөгчид.

Хоёр улс 1980 оноос хойш дипломат харилцаагүй байгаа.

Хамгийн сүүлд 1998 онд Францад болсон ДАШТ-д энэ хоёр баг таарахад Ираны шигшээ 2:1 харьцаатай хожиж байжээ.

Энэ хэсэгт Английн шигшээ баг бас хуваарилагдсан юм.

ДАШТ-ийг зохион байгуулагч орон Катарын шигшээ баг нээлтийн тоглолтыг арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Эквадорын шигшээ багтай Аль Баит цэнгэлдэх хүрээлэнд хийх юм.

Дэлхийн таван удаагийн аварга Бразил G хэсэгт Серби, Камерун, Швейцарын шигшээ багуудтай хуваарилагдсан байна.

Хэсгүүдийн хуваарилалтад одоогоор нэр нь тодроогүй байгаа гурван баг байгаа. Удахгүй болох Европын болон тив хоорондын шигшээ тоглолтуудаас шалгарагсад дээрх гурван хэсэгт хуваарилагдах юм.

Тухайлбал Уэльс, Шотланд, Украины шалгарсан нь B хэсэгт, Австрали, Перу, АНЭУ-ын шалгарсан нь D хэсэгт, Коста-Рика, Шинэ Зеландын нэг нь E хэсэгт орохоор болжээ.

Энэ жил 35 нас хүрэх Лионел Месси, 37 настай Кристиано Рональдо нарын хувьд Катар 2022 нь үндэсний шигшээ багтайгаа хамт дэлхийн аварга болох сүүлчийн боломж байж магадгүй юм.

Дэлхийн хоёр удаагийн аварга Аргентины шигшээ баг энэ удаа C хэсэгт Саудын Араб, Мексик, Польшийн багуудтай хуваарилагдсан байна.

Португалийн шигшээ баг H хэсэгт Гана, Уругвай, Өмнөд Солонгосын багтай хуваарилагджээ.

Катар 2022 тэмцээний аварга арванхоёрдугаар сарын 18-ны өдөр тодрох юм.

Өчигдөр бас Катар 2022 ДАШТ-ий албан ёсны сүлд дууг танилцуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *