Монголын хуульчдын холбооны Олон улсын хорооны дарга О.Батхүүтэй ярилцлаа.
-МЗХ-ны байрыг өөрийн мэдэлдээ авах, цаашид эмнэлгийн зориулалтаар ашиглах эрхтэй субьект нь Улаанбаатар хотын захиргаа гэж үзэж байгаа-
-Та өөрийн твиттер хуудсандаа “Надад итгэмжлэх өгчих. Би Тэргүүний залуу алтан медаль гардуулахаас өөр юм хийдэггүй цүнх баригчдаас байрыг нь шүүхдээд аваад өгье. Хотын дарга аа” гэсэн байсан. Ямар хууль зүйн өмгөөлөл хийж энэ байр төрийн өмч болох вэ?
-Манай холбооны хуульчид нэг жилд 2-3 удаа үнэ төлбөргүй олон нийтийн сайн сайхны төлөө хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй байдаг. Энэ үүргийнхээ хүрээнд Монголын залуучуудын холбооны байртай холбоотой асуудлаар ажиллая гэдэг хүсэлтэй байгаа юм.
-Яагаад ийм шийдэлд хүрэв?
-Хүүхдүүдийн дунд амьсгалын замын халдварт өвчин маш их байна. Эмнэлгийн хүрэлцээ байхгүй. Нэг орон дээр хоёр хүүхэд коридорт хэвтэж байна. Хотын төвд одоо шинэ эмнэлэг барих газар ч алга, ашиглах барилга ч алга. Ийм барилга юу билээ гээд харахаар МЗХ-ны байр л байгаа юм.
-Яагаад энэ барилгыг сонгосон юм бэ?
-Залуучуудын холбоо анх социализмын үед намд элсэх залуучуудыг бэлтгэх дамжлага байсан юм. Пионер гэж байсан. Дараа нь залуучууд болж, эвлэлийн гишүүн буюу намын гишүүн болдог ийм тогтолцоотой байсан шүү дээ. Тэгэхээр хаа байсан солиализмын үеэс уламжилж ирсэн нэг байгууллага үлдээд ардчилал гарснаас хойших 30 жилийн хугацаанд юу хийсэн нь тодорхойгүй. Шинэ жилээр л хэдэн залууд Тэргүүний залуу алтан медаль гэсэн хэдэн төмөр гардуулдаг. Өөр юу ч хийдэггүй. Ганцхан медаль гардуулах гэж тэр том барилгыг ашиглаж байна. Түүнийг төр мэдэлдээ авч эмнэлэг болгох хэрэгтэй. Гэтэл энэ байгууллагын статусыг харахаар бусад төрийн бус байгууллагаас ялгараад байх юм юу ч байхгүй. Жишээ нь, залуучуудын JCI, Ротари гээд клуб байна. Түүнээс ямар ч ялгаагүй. Социализмын үеэс уламжилж ирсэн уламжиллыг аваад үлдчихсэн, нийгэмд хийж байгаа юм байхгүй. Та бүхэн санаж байгаа бол хэд хоногийн өмнө ерөнхийлөгч нь гээд нэг залуу архи асгаж бөөн шуугиан дэгдээсэн.
-Хотын даргыг итгэмжлэх өгөөч гэсэн байсан, хотын мэдлийн байр уу?
-Дүүргийн эмнэлгүүд, Нийслэлийн эрүүл мэндийн газрыг хотын захиргаа хариуцаж ажилладаг. Тэгэхээр МЗХ-ны байрыг өөрийн мэдэлдээ авах, цаашид эмнэлгийн зориулалтаар ашиглах эрхтэй субьект нь Улаанбаатар хотын захиргаа гэж үзэж байгаа. Хэрвээ Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар надад Улаанбаатар хотыг төлөөлж энэ асуудалд оролцуулах бол итгэмжлэх хэрэгтэй.
-Итгэмжлэх хийлгэх нь тийм чухал асуудал уу?
-Сүүлийн үед төрийнхөн өмч хөрөнгөө буцааж авч байна л даа. Ингэж авахдаа бас буруу аргаар аваад байгаа юм болов уу гэж би бодоод байгаа юм. Шууд цагдаа, цэргийнхэнтэй, хэвлэлийнхнийг дагуулж очоод булаагаад авдаг боллоо. Энэ нь хуулийн хүрээнд зохимжгүй учраас шүүх дээр очоод яагаад энэ хөрөнгө Улаанбаатар хотын өмч байх ёстойг хуулийн хүрээнд тайлбарлана. Хэрвээ нөгөө нөхдүүд өгөхгүй гэвэл хуулийн хүрээнд би өөрийнхөө үндэслэлийг гаргаж тайлбарлаад эцсийн байдлаар шүүх шийднэ. Миний хувьд төр засаг гэдэг иргэдийн сайн сайхны төлөө ажиллах ёстой байгууллага. Хэрвээ янз бүрийн байшин барилга, төсөв хөрөнгө, хүн хүч байдаг бол хамгийн шаардлагатай зүйлд нь захиран зарцуулах ёстой. Гэтэл хүүхдүүд нь эмнэлгийн коридорт хэвтэж байна. Бүр коридор нь ч олдохгүй хүүхдүүд байгаа шүү дээ. Эдгээр нөхцөлд энэ байшин илүү хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Залуучуудын холбоо бол 16-35 нас гэдэг идэр залуу нас биед хүрсэн хөрөнгөтэй, орлоготой мөнгөтэй болох үед нь энэ байшин хэрэгтэй ч юмуу. Хэрэггүй байхгүй юу. Дөнгөж төрсөн нялх биетэй ээжүүд, нярайд тэр байшин хэрэгтэй болохоос идэр насны залуучуудад тэр байшин хэрэггүй. Тэдгээр хүмүүс мэдээж байшин дотор эмчлүүлнэ. Эмч, сувилагчид 24 цагийн турш тэдгээр хүмүүст эмчилгээ хийнэ. Ийм нөхцөл, хэрэгцээ шаардлага байхад залуучууд үүнтэй барьцаж гүйгээд шүүх цагдаа гэж явах үгүйг мэдэхгүй байна. Гэхдээ л энэ байшин Монголын иргэдийн татварын мөнгөөр, төрийн мөнгөөр баригдсан. Төрийн өмчийн байшин байхгүй юу. Социализмын үед баригдсан шүү дээ. Түүнээс бол хувийн компани өөрийнхөө хөрөнгөөр бариад дотор нь үйл ажиллагаа явуулчихсан, эсвэл гурван давхар барилгыг 5,10 давхар болгоод өргөтгөчихсөн ийм өмч хөрөнгийн асуудал яриагүй. Аль 30-40 жилийн өмнө ийм байсан. Одоо яг түүгээрээ л байгаа.
-Залуучуудын холбоо гэж ер нь ямар үүрэгтэй үйл ажиллагаа явуулах ёстой байгууллага юм бэ?
-Залуучуудын холбоо яг залуучуудад зориулсан ажил хийж чадахгүй байгаа. Яг үнэнийг ширүүхэн хэлэхэд, цүнх баригчид, нам дагасан хэдэн хүн л энэ байшин дотор суудаг. 30 жилийн хугацаанд юу хийсэн юм бэ. Юу бүтээсэн юм бэ. Хэн ч мэдэхгүй. Тэгсэн мөртлөө байж л байдаг. Үе үе гарч ирж попордог нөхдүүд л байгаад байна. Тэгэхээр би эцэг хүнийхээ хувьд, Монгол Улсын иргэн хүнийхээ хувьд ном журмынх нь дагуу энэ байрыг хуулийн хүрээнд төрд нь буцааж авъя л гэж бодсон юм. Би хуульч хүнийхээ хувьд нийгэмд хэрэгцээтэй ганц зүйл хийе л гэж Улаанбаатар хотын захирагчид хандаж байгаа юм. Гол нь хүлээж авах юмуу, үгүй юү гэдгийг мэдэхгүй байна.
-Одоо тантай хэдэн хуульч хамтарч байгаа вэ. Ямар ямар чиглэлээр хамтран ажиллах вэ?
-Нэг жилд 1-2 удаа үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөл хийх нь бидний хуульд заасан үүрэг. Хуульчид өөр өөр чиглэлээр ажилладаг. Тэгэхээр эрүүгийн чиглэлээр ажилладаг хуульчид төлбөрийн чадваргүй иргэдэд хорих анги руу очиж, хуулийн зөвлөгөө өгдөг. Эсвэл шүүх хуралд нь оролцож үнэгүй өмгөөлдөг. Манай олон улсын хороо бол илүү бичиг цаасан дээр ажилладаг, суудаг. Компанийн бичиг баримт боловсруулдаг. Олон улсын гэрээ байгуулдаг болохоор энэ чиглэл бидэнд илүү ойр байгаа юм. Надтай цуг манай олон улсын хорооны хэдэн хуульч оролцоно. Гурав, дөрвүүлээ нийлээд стратегийн өмгөөлөл хийнэ. Энэ чиглэлийг стратегийн өмгөөлөл гэж нэрлэдэг. Энэ чинь зарчмын том асуудал ярьж байна шүү дээ. Төрийн бус байгууллага улсын төсвөөр баригдсан барилгыг 20-30 жил үнэ төлбөргүй ашиглаад байж болох юм уу. Хотын захиргаа, Засгийн газар энэ өмч хөрөнгөө буцааж авч болох юм уу. Авлаа гэхэд заавал шүүхээр ороод шүүхийн шийдвэрийн дагуу буцааж авдаг жишгийг тогтоох ёстой гэж үзэж байгаа.
-Улаанбаатар хотод өөр ийм үйл ажиллагааны чиглэл тодорхойгүй, улсын төсвөөр баригдсан барилгууд бий юү. Үйлдвэрчний эвлэлийн барилга гэх мэт нь улсад хэрэгтэй үйл ажиллагаа явуулдаг юм болов уу?
-Өөр ийм чиглэлийн барилга байшин сайн мэдэхгүй байна. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд, пионерын ордон ч гэдэг юмуу анхнаасаа нийгмийн сайн сайхны төлөө баригдсан мөртлөө зарчмын хувьд өөр зорилгоор ашиглаж байгаа бол төр буцааж авч болно. Түүнээс аль нэг компанийн үйлдвэрийг очоод төр мэдэлдээ авна гээд авчихдаг шүү дээ. Тэгэж болохгүй. Хувийн өмч оффис, газрыг шууд хурааж авч болохгүй. Залуучуудын холбооны барилга бол анхнаасаа төрийн өмч байсан. Буцааж авахад асуудал байхгүй л гэж бодож байна. Бид хууль дүрэмтэй улсад амьдарч байгаа. Тиймээс хууль дүрмийнх нь дагуу эргүүлж авах ёстой. Шүүх дээр нь очоод хоёр тал нь баримтаа гаргаад мэтгэлцээд, хуулийн шийдвэр гарч байж авах ёстой. Түүнээс хотын захирагч гэнэт босч ирээд энэ байшинг авна гэж шийдвэр гаргаж болохгүй. Тэгвэл манай хувийн өмчийг бүтээх, дээлэх, өмчлөх гэдэг эрх зүйн нийгэм үгүйсгэгдэнэ. Хятад, Өмнөд Солонгос шиг болчихож байгаа байхгүй юу. Би итгэмжлэх өгөөч, өмнөөс чинь шүүхдье гээд байгаа чинь хуулийн хүрээнд асуудлыг шийдье л гээд байгаа юм. Эд хөрөнгөтэй холбоотой маргаан учраас шийдвэрлэх ёстой ёс журмаар нь л шийдье гэж хүсч байна.