Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

DNN-ЯРИЛЦЛАГА: Хүүхэд гэдэг тэр чигтээ аз жаргал DNN.mn


Хошин алиа дүр, цовоо сэргэлэн зангаараа олонд танигдсан Э.Лувсанцэрэнтэй ярилцлаа. Тэрээр дуулах сонирхолтой бөгөөд түүний “Завгүй”, “Янзага”, “Үзэсгэлэн төгөлдөр эх орон” зэрэг дууг нь олон хүн мэдэх биз ээ.


-Сайн байна уу. Өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу. Намайг Э.Лувсанцэрэн гэдэг. Баянхонгор аймгийн гурван булаг суманд өвөө, эмээ дээрээ өссөн. ЕБС-аа Баянхонгор аймгийн гуравдугаар 10 жилд сурч төгсөөд 2017 онд СУИС-д жүжигчний мэргэжлээр П.Мөнхдорж багшийн удирдлага дор их сургуулиа дүүргэсэн. Намайг урлагт дурлуулж, суурийг минь тавьж өгсөн хүн манай эмээ. Багадаа айлын найран дээр очихоор эмээ маань дуул гээд би хоёр гурван дуу хольж солиод дуулж өгдөг байлаа шүү дээ(инээв).

-Хөдөө өссөн багын дурсамжаасаа хуваалцвал?

-Намайг жаахан байхад гурил будаа ховор байдаг байлаа. Нэг өдөр манай аав мэргэлээд дүү бид хоёрт “Ээж чинь яг энэ хамрын цаана тэмээгээ хөтлөөд ирж байна” гэдэг юм байна. Тэр үед ээж маань 70 кг-ийн гурил авах гээд хоёр хоног явчихсан байсан. Гараад харсан нээрээ л ээж маань ирж байна шүү(инээв). Тэгээд л аавыгаа ямар мэргэн, мундаг юм бэ гэж бодоод л хөөрцөглөж гарна даа. Дараа нь жаахан том болоод бодоход түрүүлж харчихаад бид хоёроороо даажигнадаг байсан байгаа байхгүй юу.

-Анх аав болоход ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Хүүхэдтэй болоогүй байх үедээ хайр гэж юу байдгийг мэддэггүй байсан санагддаг. Одоо хүүхдээ харахаар, хамт байхаар хайр гэдэг чинь энэ шүү дээ л гэж бодогддог. Залуу хүнд найз нөхөдтэйгээ наргиж цэнгэх нь гоё ч аав болсны дараа үр хүүхдээс илүү нандин чухал зүйл байхгүй болдог юм билээ. Хүүхэд гэдэг тэр чигтээ хайр, аз жаргал. Гэр бүл гэдэг хамгийн том үнэт эрдэнэ.

-Уран бүтээлийн талаар ярилцъя. Яагаад контент, бичлэг хийх болов?

-“Хишиг” продакшнд хөдөө ажиллаж байгаад “Тоонот” рекордсын нэг дууг өөрийнхөөрөө дуулаад тэр бичлэгийг маань пропакшний ах фэйсбүүкт оруулчихсан юм. Тэгсэн хэдхэн хоногийн дотор маш их хандалт авсан. Тэр үед ийм энгийн зүйл хүнд хүрдэг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд л дараа нь Дүүрээтэйгээ санаа зорилго нэгтэйгээр хамтдаа бичлэг хийж эхэлсэн. Анхны бичлэг маань их олон хүнд хүрсэн. Бүр фэйсбүүкээс репорт ирж байлаа. Тэгээд л урамшиж, бичлэгүүдээ сайжруулж явсаар одоо бүр ч олон хүн биднийг дэмждэг болсон байна.

-Дүүрээтэй анх яаж танилцаж байв?

-Бид хоёр чинь нэг нутаг. Багадаа нэг нэгнийгээ мэддэг байсан төдий. Тэгээд сургуулиа төгсөөд удаагүй байтал Маадай гээд найз маань хоёр урлагийн найзаа хооронд нь танилцуулна гээд бид хоёрыг холбож танилцуулж өгсөн. Тэр найздаа баярлалаа(инээв).

-“Хайр уу? Найз уу?” кино та хоёрын анхны кино юу. Цаашдаа дахин дэлгэцийн уран бүтээл хийх үү?

-Анхны хамтран тоглосон уран бүтээл. Биднийг тодорхой хэмжээнд хүмүүс мэддэг болсонд урамшин биднийг үздэг, дэмждэг хүмүүстээ зориулж анхны “Хайр уу? Найз уу?” киногоо бүтээсэн. Харин зунаас өөрөө кино найруулж, гол дүрд нь тоглох бодолтой байгаа шүү.

-Сүүлд гаргасан “Үзэсгэлэн төгөлдөр эх орон” дууг сонссон. Гоё уран бүтээл болсон байна лээ…

-Баярлалаа. МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа, Ж.Дашдондог нарын уран бүтээл. энэ дууг дуулах нь надад нэр төрийн хэрэг. Маш сайхан дуу. Удахгүй дуундаа зориулж клип хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Инээдмийн баярыг тохиолдуулан уншигчдадаа өөрт тохиолдсон хөгжилтэй дурсамж, түүхээсээ хуваалцаач?

-Тайзны, ярианы хичээл гээд хүнд хичээл ордог байлаа. Тэр хичээлээс нэг минут ч хоцорч болдоггүй. Тэгсэн нэг өдөр дээд курсийн ах дуудаад долоон гахайгаас 2 мантуун бууз, 1 хуушуур аваад ир гээд намайг явуулсан юм. Тэгээд мантуун буузаа хуушуураа авчихаад нөгөө ах дээрээ аваачиж өгөх гэхээр яг хичээлээсээ хоцорчих гээд болдоггүй. Тэгэхээр нь багшдаа “Багшаа би Анхаа ахын хуушуур, буузыг гялс аваачиж өгчхөөд ирье” гээд хэлчихсэн юм. Яахав дээ үнэн учраа хэлчихвэл намайг хичээлд маань оруулах байх гэсэн хүүхдийн бодол л доо(инээв) Тэгсэн багш “Тэр Анхаа хаана байна. Яагаад хүүхэд хичээл таслуулж хоолонд гүйлгэдэг юм” гээд тэрүүгээр нь нэг юм болсон. Би чинь дунд нь хов зөөсөн ч юм шиг, хичээлдээ суух гэж хичээж байгаа сэтгэл нь зөв ч юм шиг хачин байдалтай амьтан зогсож байлаа шүү дээ.

-“Энэ цагийн илгээлтийн эзэд” шоунд оролцож байгаа юм билээ. Тухайн шоуны талаар яриач?

-“Энэ цагийн илгээлтийн эзэд” шоу Хэнтий аймгийн Биндэр сумын Тогоот гэдэг аварга малчин айлд 14 хонож монгол соёл, ахуйн талаар өөрсдийн мэдлэг, мэдрэмжээрээ өрсөлдөж түрүүлэх учиртай нэвтрүүлэг л дээ. Миний хувьд уг шоунд оролцох болсон нэг том шалтгаан маань хөдөөний амьдрал, соёл, мал аж ахуйгаа мэдэхгүй хүүхдүүдэд монгол дархлааг нь ганц, хоёр тунгаар вакцин болгож хүргэх явдал. Өөрийнхөө мэдлэгийг ч бас сорьж үзмээр санагдсан.

-Нэвтрүүлгийн санал ирэхэд хэрхэн хүлээж авсан бэ. Өөрийн тань хувьд бас анхны том шоу, нэвтрүүлэг юм байна шүү дээ?

-Анх шоуны санал ирэхэд их гоё санагдсан. Учир нь би хөдөө өссөн болохоор өөрийнхээ хэмжээнд монгол соёл, мал аж ахуйг мэддэг учир түрүүлчих боломж ч байж магадгүй шүү дээ. Бас гэр бүлийнхэн маань хөдөө байдаг болохоор одоо хийж байгаа контент, бичлэгүүдийг сайн үзэж чаддаггүй. Харин энэ шоу Малчин телевизээр гарах болохоор дуртайяа зөвшөөрсөн.Мөн нийгэмд их хэрэгтэй шоу болов уу гэж бодсон.

Шоунд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *