Categories
гадаад мэдээ

Бүх Оросын байгалийн гэрэл зургийн IX наадамд Монголын гэрэл зурагчид оролцож байна || DNN.mn

ОХУ-д жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Бүх Оросын байгалийн гэрэл зүргийн IX наадам Москва хот дахь ОХУ-ын Зураачдын холбооны үзэсгэлэнгийн төв танхимд үргэлжилж байна. Энэ наадамд сүүлийн жилүүдэд гадаадын нэг орныг түнш орноор урьж, гэрэл зурагчдынх нь бүтээлийг сонирхуулдаг болсон бөгөөд энэ жилийн гадаадын зочноор Монгол Улсын гэрэл зурагчид оролцож байна.

Энэ сарын 4-нд нээлтээ хийсэн тус наадмыг ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл, ОХУ-ын Соёлын яам, Байгалийн нөөц, экологийн яам, “Сенаторуудын клуб” бусад байгууллагын дэмжлэгтэй зохион байгуулж буй юм.

Үзэсгэлэнгийн төв танхимд Монголын гэрэл зурагчин Г.Ган-Өлзий, Ч.Батзаяа нарын байгалийн сэдэвт 40 орчим гэрэл зургийг байрлуулж, Оросын үзэгчид, байгаль сонирхогчдод онгон дагшин Монгол Улсын байгалийн гоо үзэсгэлэнгээс толилуулж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин оролцож, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ наадмын зохион байгуулагчид, оролцогчдод баяр хүргэж, цаашид хоёр улсын соёл урлагийн салбарын харилцаа, тэр дундаа гэрэл зурагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

“Монголын унаган байгаль” үзэсгэлэнд ОХУ-ын мэргэжлийн гэрэл зурагчид, сонирхогчид 11 мянга гаруй бүтээл ирүүлснээс зохион байгуулагчид 500 орчим шилдэг гэрэл зургийг сонгон авч дэлгэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *