Categories
гадаад мэдээ

“COVID-19”-ийн вирус хувьсан өөрчлөгдсөөр байх ч хүндээр өвчлүүлэх нь багасна || DNN.mn

“COVID-19” цар тахлыг үүсгэгч “SARS-CoV-2” вирус нь дэлхий даяар тархсан хэвээр байгаагаас үүдэн хувьсан өөрчлөгдсөөр байх төлөвтэй байгаа ч вакцин хийлгэснээр, мөн халдвар авснаар дархлаа тогтож байгаа тул хүндээр өвчлүүлэх нь багасна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлжээ.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус цахим хэвлэлийн бага хурлын үеэр энэ онд цар тахал хэрхэх талаарх гурван хувилбарыг танилцуулжээ. Түүний хэлснээр, одоогийн нөхцөл байдлаас үзэхэд хамгийн өндөр магадлалтай хувилбар бол вирус хувьсан өөрчлөгдсөөр байх ч вакцин, халдвар авснаар дархлаа улам нэмэгдэж, хүндээр өвчлүүлэх нь багасах төлөвтэй байна. Гэхдээ дархлаа сулрахын хэрээр өвчлөл, нас баралт өсөх магадлалтай байгаа нь эмзэг хүн амыг тогтмол нэмэлт тунд хамруулах шаардлагыг бий болгож магадгүй байна.

Харин хамгийн таатай хувилбарын тухайд илүү аюултай хувилбар бага гарч, нэмэлт тун болон шинэ вакцин шаардлагагүй болно гэж таамаглаж байгаа бол эсрэгээрээ улам аюултай, халдварлах чадвар өндөр хувилбарууд шинээр үүсэж, үүнтэй зэрэгцэн хүмүүст тогтсон дархлаа сулрахыг хамгийн таагүй хувилбар хэмээн тодорхойлжээ.

Тийнхүү ДЭМБ-ын тэргүүн 2022 онд цар тахлын хүнд үе шатыг даван туулах зөвлөмжүүдээ танилцуулж, тандалт судалгаа, вакцинжуулалт, халдвар хамгааллын дэглэм, эрүүл мэндийн уян хатан тогтолцоо, эмнэлгийн хэрэгслийн хүртээмжтэй байдлын ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ. Мөн дархлаажуулалт нь хүмүүсийн амь насыг аврах хамгийн хүчтэй хамгаалалт хэвээр байгааг тодотгоод, өндөр орлоготой орнууд хүн амаа дөрөв дэх тунд хамруулж байхад дэлхийн хүн амын гуравны нэг нь, тэр дундаа Африкийн хүн амын 83 хувь нь нэг ч тунд хамрагдаагүй байгааг анхааруулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *