Categories
мэдээ нийгэм

“Станцын барилга угсралтын ажил эхлэх бэлтгэл бүрэн хангагдсан” гэв || DNN.mn

Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлын явцын талаар хэлэлцсэн байна.

Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Ховд гол дээр 90 МВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих гэж байгаа. Энэ нь баруун бүсийн эрчим хүчний хэрэглээнээс гурав дахин их. Уг станц баригдаж ашиглалтад орвол ногоон эрчим хүчээр баруун бүсийн урт хугацааны эрчим хүчний хэрэглээг хангах боломж бүрдэнэ.

Тус станцын хувьд барилга угсралтын ажил эхлэх бүх бэлтгэл бүрэн хангагдсан. Нөлөөлөлд автаж буй иргэдийн асуудал хүндрэлтэй байгаа. Усан цахилгаан станц баригдахтай холбоотой шинээр бий болох усан сангийн газарт одоо ажиллаж, амьдарч байгаа нутгийн мал бүхий газар тариалан эрхэлдэг 270 өрх бий. Уг өрхийн ард 1,251 иргэн байгаа.

Эрх зүйн зохицуулалтаар нөлөөлөлд автсан иргэдийн зөвхөн үндсэн хөрөнгөд үнэлгээ хийж, нөхөн олговор олгож байна. Нөхөн олговрыг нэмэгдүүлэх талаар ярилцаж байгаа. Биет бус соёлыг үнэлэх талаар яаман дээр тодорхой санал боловсруулж, Ерөнхий сайдтай зөвшилцөхөд дэмжсэн. Тиймээс ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрийг эцэслэн гаргана.

Сэргээгдэх эрчим хүчээр дэлхий нийт эрчим хүчний хэрэглээгээ хангадаг болж байна. Энэхүү эрчим хүчний төрлөөс Монгол орны онцлогт тохирох нь усан цахилгаан станц юм” гэдгийг хэлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *