Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбооноос шилдэг эмч нарыг шалгаруулах “Алтан чагнуур” арга хэмжээг өчигдөр зохион байгуулав. Салбар бүрээс тодрон гарсан 16 эмч “Алтан чагнуур”-ын эзэн болсон бөгөөд тэдний нэг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн чих, хамар хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, зөвлөх зэргийн эмч Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Алтан чагнуур”-ын эзэн болсонд баяр хүргэе?
-Баярлалаа. Монголын үйлдвэрчний эвлэлийн энэ том шагнал “Алтан чагнуур”-ын эзэн болсондоо баяртай байна.
-Ажлын гараагаа эхэлж байсан үеэсээ дурсахгүй юу?
-Би 1996 онд Анагаах ухааны их сургуулийг төгсөөд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн чих, хамар хоолойн тасагт магистрантурын сургалтад элссэнээр энэ том эмнэлгийн босгоор алхсан юм. Магистраа төгссөний дараахан тухайн үед завшаантай нэгэн явдал болсон нь нэг эмч маань Германд суралцахаар явж, бас нэг эмч маань өөр чиглэлээр суралцахаар болсноор ажлын орон тоо гарч, би тасагтаа үндсэн эмчээр ажиллаж эхэлсэн байдаг. Ингэж анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Лодойн Шагдар гэж Монголын чих, хамар хоолойн хамгийн том эрдэмтэн, судлаач хүний шавь болж байлаа. Багшаасаа энэ салбарт ажиллаж эхэлсэн хүн юу хийх ёстой вэ гэдгийг үлгэр дуурайлыг авч ажилласнаар өнөөдөр 76 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд эрдэм шинжилгээ, судалгаа, эмчийн үндсэн ажлынхаа зэрэгцээ багшийн ажлыг хийж ирсэн.
-Чих, хамар хоолойн эмчилгээ манайд хэрхэн хөгжиж байна вэ?
-Чих, хамар хоолойн өвчлөл бол Монгол Улсад бүртгэгддэг өвчлөлийн нэг, хоёрт жагсдаг. Олон улсад чихний, хамрын мэс, төвөнх залгиурын, сонсголын зэрэг тав зургаан чиглэлд хуваагдан хөгжиж байна. Бидний хувьд эдгээр чиглэл рүү залуу үеийн эмч нараа тодорхой хэмжээгээр мэргэшүүлж, салбар салбараар нь хөгжүүлэх үндсэн суурийг тавьж ажиллаж байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн чих, хамар хоолойн тасаг бол Монгол Улсын хамгийн анхны тасгуудын нэг. Энэ жил бид тасгийнхаа 70 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Манай эмнэлгийн чих хамар хоолойн тасгаас салбарлаж ЭХЭМҮТ, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хоёрдугаар эмнэлэг гээд бусад эмнэлгүүдэд салбарлаж гарсан.
-Чих, хамар хоолойн өвчлөл нэлээд дээгүүрт жагсдаг гэж та хэллээ. Бид тэр бүр анзаардаггүй юм байна. Чих, хамар хоолойн ямар төрлийн өвчлөл зонхилж байна вэ?
-Чих, хамар хоолой бол гадаад орчинтойгоо шууд харьцдаг эрхтэн учраас вирус бактерийн маш олон төрлийн халдвараар шууд халдварладаг. Тиймээс өвчлөл их байгаа. Өвчлөлийн хүндрэлүүд өвчнөөсөө хамаараад янз бүр. Ялангуяа бага нас, дунд сургуулийн насны хүүхдүүдийн хувьд эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол хамгийн чухал байна. Хоёрт, азиуд тэр дундаа монголчууд уламжлалт эмчилгээний арга гээд дур мэдэн чих, хамар хоолойг эмчлэх гэж үздэг. Ялангуяа бага насны хүүхдийн чихэнд дусаалга, тос, шээсээ дусаах гэх мэтээр хүүхдээ хүндрүүлчихээд эмнэлэгт ханддаг. Гэтэл эмгэгтэй бөөр, давсагны үрэвсэлтэй ээж байвал шээсээр нь дамжаад хүүхэд өвчлөх эрсдэлтэй.
Оюутан, залуу үеийнхэн ихэнхдээ завгүй, хэнэггүй байдлаасаа болж бас л өвчнөө хүндрүүлдэг. Ялангуяа хамрын шалтгаантай, хамрын ханиадаа удаасан, хүндрүүлсэн, үүнээс болж гайморит буюу хамрын идээт үрэвслээр өвдөх тохиолдол их байдаг. Энэ нь сүүлийн жилүүдэд бидний идэж, ууж байгаа хүнсний хэрэглээ, агаарын бохирдол болон бусад хүчин зүйлтэй холбоотой. Мөн харшлаас үүдэлтэй хамрын үрэвсэл ч сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа. Үүнтэй холбоотойгоор бид хамрын дурангийн мэс заслыг олон улсын түвшинд хөгжүүлээд явж байна. Мөн төрөлхийн дүлий хүмүүсийг сонсгол оруулах, сонсголыг нь сайжруулах мэс заслуудыг 2009 оноос Монгол Улсад нэвтрүүлсэн. Бүх насныханд дунгийн суулгацыг суулгаж сонсгол оруулах ажлыг амжитлттай хийж байна.
-Чих, хамар хоолойн өвчлөлөөс сэргийлэхийн тулд иргэд, эцэг эхчүүд гэрийн нөхцөлд юунд анхаарвал зүгээр вэ?
-Манайд улирлын онцлогтой холбоотойгоор томуу, томуу төст өвчлөл их байдаг. Томууг эмчлэхийн тулд эцэг, эхчүүд хүүхдэдээ уламжлалт эмчилгээнээс гадна витамин С-г өндөр тунгаар уулгадаг, агаар салхинд гаргана гээд хүйтэн нөхцөлд гаргаад маш богино хугацаанд хүндрүүлчихдэг. Уг нь өвчин дөнгөж эхэлж байгаа үед эмчлэгдэх нь маш амархан. Нэгэнт хүндэрчихвэл эмчид хандах, антибиотик хэрэглэх болдог. Нөгөө талаар ард иргэдийн дунд антибиотикийн хэрэглээ замбараагүй байдаг. Гэтэл үүнийг ДЭМБ-аас онцгойлон анхааруулсаар байгаа. Антибиотикийг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.